Friday, July 16, 2010

"Бууж үдэлсэн болжморууд" нэвтрүүлэг

Би нисмээргүй байна

Олон хүний инээд хүргэж, өхөөрдүүлэн жиргэж байсан болжморын бяцхан ангаахай өнөө том болж үүр юугаан орхин жигүүрээ дэвэн нисэх гэж байна. Элэгсэг найрсаг олон түмний хүч тусаар төсөөлж төлөвлөсөн бүхэн минь сэтгэлчлэн бүтлээ. Эргээд харахад энэ цаг мөч эгэл бидний амьдралд хэзээ ч давтагдахгүй торгон агшин болохыг бид жиргэн өгүүлж байна.
Бага гэж гололгүй, балчир гэж тохуурхалгүй эгдүүтэй нэртэй эвлэгхэн клубыг минь орон нутагтаа хүлээн авч дэмжин ажиллаж байсан сумын засаг дарга Б.Жаргал болон нутгийн нийт удирдлагууддаа талархан, хүндэтгэж буйгаа илэрхийлье. Урмын үгээр үйлсийг минь мялааж, ухаарлын аясаар сэтгэлийг минь хөглөж клубын маань үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан сумын 2-р сургуулийн багш Б.Энхжаргал, Б.Тунгалаг, Ч.Цэрэндэжид, Ц.Энхжаргал гээд олон багш нартаа баярласан сэтгэлийн үгсээ зүрхний гүнээс уудалж сууна. Алдаатай оноотой энэ амьдарлын нугачаанд алхам тутамд минь үгүйлэгдэх дурсамж энэ байх болно.Өглөө бүр хөөрцөглөн ирж манай клубын байнгын үйлчлүүлэгч болсон бяцхан дүү нараа бид хэзээ ч мартахгүй. Энэ л жаалуудын ачаар инээд хөөр өврөөс минь цалгиж, өөрийн эрхгүй өнгө нэмж байсан шүү. Тэдний гэнэн томоогүй яриа, хоёр эгчдээ хайртай хэмээн алдаатай бичсэн сэтгэлийн үгс, сарийлган зурсан гар зураг нь юутай гайхалтай.

Халуун зүрхнээсээ асгарах хамаг бүхнээ хуваалцан амьдралын хүрдэнд алхан орж буй ахлах ангийн хүүхдүүдээ ч бид мартахгүй. Цөөхөн хором богинохон хугацаанд төрсөн дүү шиг минь дасал болж ээ та нар минь. Эргэн дурсах алтнаас үнэтэй түүх бидэнд бий шүү хадгалж яваарай дүү нар минь. Салан нисэхэд хэцүү байна. Самсай минь шархираад гунигтай байна. Үүлгүй тэнгэрээс бороо орох мэт үнэндээ нэг л уйтай байна. Гэвч
“Болжморуудын клуб”-ээс мэдсэн бүхнээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн, бидний сургалт та нарт минь өчүүхэн ч гэсэн үр өгөөжөө хайрлаж гэмээнэ сэтгэлд нар мандах болно дасал болсон дүү нар минь. Багтаж ядан холхих сургалтын жижиг танхимаа бас тэгээд болоогүй ээ тоо нь цөөхөн ч толгойд өгөх мэдлэг арвинтай тэр л ном сангаа, хүлээхэд урт хирнээ эргэн дурсахад дэндүү богинохон энэхэн цаг хугацааг эгэл бид ямагт дурсах болно.

Буурлын тахилагатай Дархан уулын бэлд сүндэрлэх жаахан атлаа том энэ сумын хүн ардынх нь найрсаг занг, хөдөө талынх нь бишрэл бахдалыг, өлмий дарам бишрэл бахдалыг өнө мөнхөд дуурсах болно болжморууд бид. Ээлтэй энэ л хангайн тэнгэр нь үргэлж цэлмэг байж болжморууд нь үргэлж сэргэг байг. Нууцхан сэтгэл хорогдоод нэг л явмааргүй байна энэ бүхнээс. Гэвч эргэн учрахын ерөөл талбин энэ л клубээ та бүхэндээ үлдээгээд үүрнээсээ бид үдлэн нислээ. Ахан дүүс болсон та бүхэн минь амар амгалан дүүрэн жаргалтай сууж байгаарай. Жигүүрээ дэвсэн шувууд бид жиргэж нэг нисэн ирэх нь лавтай. Дэндүү дасал болсон нутаг минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/16/

Намар ирэв үү, нутгаа санав уу?

Наадмын дараа намар гэж үнэн ажээ. Бодож амжаа ч үгүй байхад сэрүүн салхи сэрчигнэн ялимгүйхэн жиндүүлэх агаад яагаад ч юм бүү мэд сэтгэлд нэг л уйтай бодол хөглөрнө.

Магадгүй дасал болсон энэ нутгаа “Болжморуудын клуб”-ээ тун удахгүй орхиод ниснэ гэхээр ийнхүү гэгэлзүүр сэтгэлийн учигт дарагдаа бизээ. Наадамчин олны хөлд дарагдаад байсан сумын төв ч нэг л эл хуль болчихжээ. Гагцхүү клубын маань жинхэнэ үнэнч гишүүд болох балчир найз нар маань л биднийг тойрон жиргэсэн хэвээр. Хамгийн хачирхалтай нь бидний тухай саяхан сураг сонслоо. Ороод сонирхоод үзье гэсэн хижээл насны цөөнгүй эмэгтэй орж ирэн “Бүх насныханд тун ч хэрэгтэй үйлс бүтээж яваа юм байна. Удахгүй нутаг буцах гэж буй нь даанч харамсалтай юм. Нутгийн ах дүүс энэ клубыг цааш нь аваад явж дөнгөнө байхаа” хэмээн хуучилж байв. Бид нисэн одлоо цэцэгс маань гандахгүйгээр улам улам соёооолон ургана гэхээр сэтгэлд зул бадамлан, баясалтай санагдаж байв.

Нутгийн олны сэтгэлийг түгшээсэн хамгийн гол асуудлын нэг бол залуус төдийгүй бүх насны хүмүүсийн архины зүй бус хэрэглээ, түүнээс үүдэлтэй асуудлууд байна. Харамсалтай нь эдүүгээ тэдгээр хүмүүсийг өөрчлөн засах ямар ч аргагүй хэмээн иргэд үзэж байгаа ажээ. Харин үүнээс үр хойчоо сэргийлэн авч үлдэхийн төлөө тэдний хөгжил боловсролд чиглэсэн энэ мэт клуб, хүүхдийн сайн дурын байгууллага, дугуйлан ихээхэн хэрэгтэй гэж тэд яриж байна. Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг болохоор иргэдийн хүсэл зөв юм. Хүндрэлтэй хэмээх тодотгол бүхий асуудлаас гарч болох арга замаа олж чадаж байгаа нь олзуурхууштай. Одоо харин орон нутгийнхаа нөөц бололцоон дээр тулгуурлаад хэрэгжүүлэх алхамаа эрэлхийлэх цаг болжээ Шарын голын сайхан санаат ахан дүүс минь.

Гадаа шаагилдан тоглох хүүхдийн дуу жаргах нарны туяатай хослон маргааш бидэнд шинэ ирээдүй эхлэл байгаа болохыг сануулна. Өөдрөг үзлийн дөлийг өөрсдөө бид бадрааж чадна. Эрхэм та минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/12

Хур асгарсан наадмын уухай

Аль хэдийнэ энэ нутагт дасал болсон төдийгүй цөөнгүй хүмүүсийн танил болж чадсан “Болжморуудын клуб”-ынхан удаан хугацаанд хүсэн хүлээсэн сумын наадмыг хур бороотой хамт тосон авлаа.

Шандаст хүлгүүд нь уралдаж, хүүхдийн гийн гоон дуу сэтгэл сэргээж монгол хэмээх эгнэшгүй сайхан нэр, удам угсаагаараа бахархан гайхуулах сэтгэлийг минь бадруулж байсныг заавал өгүүлэх учиртай. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа, төрийн далбаагаа хүндэтгэн адис авч мэхийн ёслохыг харахад сүрдмээр. Цэц мэргэнээ сорисон харваачид нь хүртэл өөрийн эрхгүй урам зоргийг бадраан, дэлхийд хаана ч байхгүй эрийн гурван наадмаараа ихэрхэн, эрдэм чадлаа энэ л үед гаргаж, суу билгээ бишрүүлэн дуудуулж байв.

Хурын дусал дэлхийн нүүрийг угааж, цэнгэлийн наадам хүний сэтгэлийг баясгана. Айраг цагаагаа сөгнөсөн асрын өмнө энэ жилийн хүчит бөх, хурдан хүлгүүд цол юугаан дуудуулан байна.

Хотол олноороо наадахын нэр болгож сумын захиргаанаас зохион байгуулалтдаа ихэд анхааран хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдааныг тус тус нэг өдрөөр үргэлжлүүлсэн нь ихээхэн таатай байв. Торгон дээлээр гоёсон наадамчин олноо хүндэтгэн “Морин толгой”-н зүг нийтийн тээвэр гаргаж хөдөлмөрчдөд үнэ төлбөргүй үйлчилж байв.

Энд би хэний морь хурдалж, ямар бөх түрүүлж үзүүрлэсэнг дурдах бус гагцхүү санаа заяа нэгтэй Шарын голын наадам цэнгэл баяраар дүүрэн болж буйг өгүүллээ. Элэг нэгт монгол ахан дүүс минь эв эетэй байж хотол олноороо сайхан наадаарай.
Н.Рэгдэнгарав
2010/07/09

Болжморууд Шарын голын залуусын хамт

Сумын захиргаа хийгээд олон нийтийн дунд зохиогдох аливаа бүхнээс бид хоцроно гэж огт үгүй. Энэ л утгаараа өглөөний мандах нартай уралдан босож олны хамт “Залуус бид Шарын голын ирээдүй” сэдэвт өдөрлөгт оролцохоор энэ нутгийн брэнд болсон уурхайн амралтыг зорин нислээ.

Энд Дархан-Уул аймгийн ардчилсан социалист залуучуудын холбоо болон тус сумын нийт 80 гаруй залуус нэгэн дээвэр дор нэгдсэн байв. Тэд зургаан багт хуваагдан гар бөмбөг болон авхаалж, оюун ухаан цэц шаардсан олон тэмцээнээр өрсөлдлөө. Хамгийн гайхамшигтай нь бидний хувиарлагдсан, анхандаа их л шоовдорлогдож байсан баг маань тэргүүн байр эзэлснээ юун түрүүнд дурсмаар байна. Өнөө л билгэшээлтэй, миний дуртай бас аз дагуулдаг хэмээн итгэдэг “Сүйхэлжин” хэмээх нэрийг багтаа хайрлан тэр дор нь дөрвөн мөрт зохоиосныг бодоход гараанаасаа гар нийлсэн нь тэр бизээ.

Цэц сорисон АХА” тэмцээнд "Болжморын жиргээ" нэрээрээ цоллогдсон Н.Рэгдэнгарав тэргүүн байр эзэлж клубын маань нэрийг олны дунд ахин сүртэйхэн дуудуулсан юм.
Юутай ч сумын залуус манай клубыг сайн мэддэг болсон төдийгүй үйл хэргийг минь дэмжиж байлаа. “Энэхүү залуусын уулзалт цаашид жил бүр уламжлал болон зохоигдох болно” хэмээн зохон байгуулагч Д.Амарсанаа ярьж байлаа. Болжморууд бид хаа сайгүй ниссээр . . .

Monday, July 5, 2010

Болжморууд жиргэсээр, цаг хугацаа ниссээр . . .

Клубын маань эрхэм зөвлөх, тус сумын уугуул иргэн, ажил хөдөлмөр нь ид оргилж буй МОНЦАМЭ агентлагийн улс төрийн тоймч Э.Адъяасүрэн эгч маань залууст зориулан харвасан сум мэт өнгөрөх цаг хугацааг хэрхэн алгандаа барьж болох тухай “Цагийн менежмент-Амжилтын үндэс” сэдэвт сургалт явуулан олон залуусын урам зоригийг бадраалаа.


Янз бүрийн насны 30 гаруй хүн уг лекцэнд хүрэлцэн ирж санал бодлоо солилцон нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй цаг хугацаа гэдэг хичнээн чухал төдийгүй талхны мөнгө адил тооцоолох ёстой зүйл болохыг мэдэрсэн юм. “Бид өглөө бүр сэрэхдээ халаасандаа 86400 төгрөг буюу тийм хэмжээний секундээр тооцогдох цагтай сэрдгээ өмнө нь огт мэдэхгүй байсан. Түүнчлэн өдөр тутам хийх ажлаа өөрийн мэргэжлийн онцлогтоо тохируулан төлөвлөөгүйгээс ямар их мөнгө алдаснаа бидний хэн ч одоо ухаарахгүй. Гагцхүү өвгөд хөгшид болсон хойноо л “Ай залуу байхад хийж бүтээж байх минь яав даа” хэмээн амаа барих тэр л алдааг нүдэнд харагдаж сэтгэлт бичигдтэл буулгаж чадлаа” хэмээн сургалтанд оролцсон Б.Оюун-Эрдэнэ ярьж байв.


Цаг хугацаа гэдгийг захирч болдог юм байна. Энэ нь чухамдаа өөрийн хувийн зохион байгуулалт, үр дүнгээ тооцох, нягтлах, төлөвлөхөөс л хамаардаг аж. Хүн бүрт адил цаг хугацаа, тэгш боломж байхад яагаад зарим нь амжилт, алдар нэр, эд баялагт хүрээд, зарим нь өдөр хоногийг нэгэн хэвээр өнгөрөөх буюу улам бүр уруудаж доройтож байна вэ? Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаад үзээрэй.


"Төлөвлөсөн ажлаа хойш тавьж цагийг нь тулгаж өөрийгөө бухимдалд оруулан цаг хугацааны боол нь болж амьдрах уу? эсвэл амжилт бүтээмжид тэмүүлж цагийг захирч ажиллах уу? гэсэн асуулт бидний өмнө тулгарч байна. Мэдээж л эрч хүч дүүрэн энэ насандаа хийхгүй юм бол хэзээ, хэн хийх билээ. Бид цаг хугацааг өөрийн эрхэнд байлгахыг хүснэ. Харин үүний тулд юу хийх хэрэгтэйгээ сая мэдлээ" гэх хүн олон байв.


Уулзалтын өмнө нийт оролцогчдын дунд сонжоо явуулахад олонхи нь цагаа төлөвлөдөггүй буюу хөдөлмөрийн бүтээмж нь буурч байгааг мэдэж сэтгэл гундуухан байсан ч сургалтын төгсгөлд өнөөдрөөс эхлэн төлөвлөх хэрэгтэй төдийгүй асар их боломж сүүдэр мэт дагаж байгааг тэд олзуурхаж байсан. Хамгийн энгийн зүйлсээс цагийн менежмент эхлэдэг гэдгийг мэддэггүй байсан нь эргээд бодоход инээд хүрмээр. Энэ удаагийн сургалтад миний ч мэдэхгүй, анхааралгүй орхигдуулдаг зүйл өчнөөн байдаг болохыг нээж өгсөн юм. “За яахав ингэж байгаад л болно биз” гэж бидний олонтаа хэлдэг энэ хэдэн үгс үнэндээ амжилтын минь алуурчин ажээ. Хэн ч сонсоод ойлгож, мэдээлэл олж авч чадахуйц энэ хичээлийг эндхийн дунд сургуулийн багш сурагчдад дахин явуулж өгөхийг биднээс хүсч байлаа.


Мөн өөрийн зүгээс ч хэдий цөөн хормын боловч үнэтэй мэдлэг олгох бяцхан сургалтыг маань бэлтгэсэн багшийн тайлбартайгаар олон залуус сонсож хүртээл болгоосой хэмээн хүснэ. Сэтгэл сэргээсэн хөгжөөнт тоглоомоор цаг хугацааны хичээлийг өндөрлөсөн нь энд хүрэлцэн ирсэн олонд инээд бэлэглэж өөдрөг сэтгэгдэлтэй үлдээлээ. Тэд манай үүрнээс "нисэн" одохдоо сэтгэлдээ нэгийг эрэлхийлсэн нь дамжиггүй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим залуус ажил албандаа төдийгүй хувийн амьдралдаа идэвхи муутай, өдөр тутмын хэвшмэл үлбэгэр байдалдаа дасал болсон нь сургалтын хугацааг сунжруулан өнөө л цаг барилгүй ирэх тэр хэсэг бүлгээс анзаарагдаж байсныг энд заавал дурьдах ёстой.


Залуу хүн залхуу байж гэмээ нь эх орон минь байтугай энэ сум маань ч хөгжиж чадахгүй гэдгийг дахиад л чихний чийр болгон хэлмээр байна. Гэвч идэвхи санаачлага гарган энд оролцсон эрхэм нөхдөө орхих учиргүй. Асар уудам ертөнц бидний өмнө цэлийж дэлхий нарыг тойрон эргэж байгаа л хойно бид цаг хэмээх биегүй хоосонтой уралдах л ёстой залуус аа. Үүний тулд цагийн зөв менежмент хөтлөх цулбуур нь болно.

Н.Рэгдэнгарав

2010/07/05

Мөрөөдлийн галт тэрэг хөдөллөө


Бидний бяцхан нэртэй энгийн даруу клуб маань амжилтанд хүрэх аливаа бүхний эхлэлийг өөрөөсөө эхлэн хайж, өөрийгөө олж нээж танихын ач тусыг илэрхийлсэн таван хоногийн сургалт ядуулснаар сурагчдын хүсэл мөрөөдлийн галт тэргийг хөдөлгөж чадлаа.

Эгэл бүхнийг багшаар заалгаж мэдэхийн өмнө өөрт байгаа нөөц бололцоогоо олж харан, түүнийгээ нээн хөгжүүлэх нь гагцхүү амжилт, аз жаргалын эхлэл болох нь дамжиггүй. Хэдэнтэй манай нэгэн нийтлэгч “Чи юуг сайн хийж чаднам түүнийгээ хийгээд л талхны мөнгөө олчих. Тэвэг сайн тоглодог бол түүгээ тоглоод л чи амьдар” хэмээн хэлсэн байдаг нь юутай үнэн бэ?

Энэ утгаар нь өглөөний алтан хором бүрт клубын эрхэм зочиддоо өөрийн үзэл бодлоо цэгцтэй зөв илэрхийлэн түүнийгээ хамгаалан үлдэж байр суурин дээрээ баттай зогсож байх хэрэгтэй хэмээсэн сэдэл бүхий хошин бодлогоор гараагаа эхэлсэн юм. Түүнчлэн энэ нь тэдний сэтгэн бодох чадварыг нэмэгдүлээд зогсохгүй өөртөө итгэх итгэл урам зоригыг нь бадрааж өгсөн хэрэг боллоо. Үүний зэрэгцээ бид эгэл жирийн олны дундаас төрсөн энгийн атлаа эрхэм суутнуудын мэргэн үг, цэцэн билэгдлийг онцгойлон алдар нэрийг ард түмэн хүртээдэг болохыг эргэн санасан. Атаа чөтөө гэдэг хэзээ ч сайныг дагуулахгүй. Улам улам л балчиг намагруу татдаг болохыг хүүхдүүд маань сайн мэдэж байлаа.

Хүн бүхэн өөрийн гэсэн хүсэл мөөрөдөлтэй байж түүнийгээ тархиндаа бас зүрх сэтгэлдээ яг л цаасан дээр зурж буй мэт “өнгөтөөр” зурах нь зорилгыг батжуулдаг. Би ч бас ингэж зурах дуртай. Учир нь цаасан дээр зурахдаа жаахан эв дүү муутай л даа. Яг энэ л дуртай болоод чаддаг ганцыгаа тэдэндээ сайтар тайлбарлан улмаар оломгүй их мөрөөдлийг нь ачааны вагоноор дүүргэн тавьж өглөө. Тэд өөрсдөө тэрхүү галт тэрэгний золооч нь. Хөдөлгүүр нь зогсохыг мэдэхгүй, шатахуун нь дуусна гэж үгүй тэдний мөрөөдлийн галт тэрэг дуут дохоигоо хангинуулан “Болжморуудын клуб”-ын зогсоолоос хөдөллөө. Хаана хүрч хэрхэн зогсохыг нь хэнч таах аргагүй. Чухамхүү тэрхүү тэргэний золооч та өөрөө л мэднэ. Алсын алс аяны зам тань саадгүй байх болтугай бодлоо нээж сэтгэлээ хуваалцсан гэнэн дүү нар минь.

Н.Рэгдэнгарав

2010/07/02