Monday, August 30, 2010

Дархан Уул сэтгэл даллан үлдлээ

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хэрэгжүүлсэн “Болжморуудын клуб” маань амжилттаар дүүрэн, сэтгэлд гэгээн гуниг дурсамж үлдээн, баяр баясал, ард түмэн иргэдийн талархлын урам хайрласан үгс, бяцхан найз нарын маань инээд хөөр, баярын нулимстай цуг нэг л мэдэхэд нисэн одох цаг болжээ.

Анх Шарын голд ирж байхдаа хүн сайн танихгүй газар ямаршуухан байх болдоо, хүмүүс бидний үйл ажиллагааг хэр хүлээн авах бол хэмээн сэтгэл нэг л түгшүүрлэн байсан. Гэтэл байдал биднийг огт өөр угтсан, бяцхан 3 настай багачуудаас эхлээд сумын удирдлага, дарга нар хүртэл халуун, дулаан сэтгэлээр биднийг хүлээн авсан. Шүр эрдэнэ шигээ халуун дулаан сэтгэлтэй найрсаг ард түмэн байсан нь бидэнд ажлын их урам зориг өгч, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж өгсөн.

Эрүүл зохистой хооллолт, Цагийн зөв менежмент, Уурхай ба эрүүл мэнд, Мөнгөн усны зохистой хэрэглээ зэрэг дөрвөн удаагийн уулзалт, зөвлөгөө маань тун амжилттай болсон юм. Уулзалт зөвлөгөөнд оролцсон хүмүүс “Шинэ соргог, амьдралд хэрэгтэй мэдээлэл түгээж байгаад их талархаж байна. Хөдөө газар болохоор тэр бүр эрүүл хоол, цагийн зохион байгууллалтын талаар мэдээлэл хомс байдаг. Бид зуны дэлгэр үеэр цаг зав ихтэй байдаг, энэхүү мэдээлэл, үйл ажиллагаа цагаа олсон, үр өгөөжтэй үйл ажиллагаа болж байна” хэмээн дурьдаж байсан нь бахархууштай.

Түүнчлэн тийм том биш ч гэсэн тоймтой чухал номнууд цөөнгүй “Болжморуудын клуб”-ын номын санд танхимаар 6000, гэрээр 2000 орчим хүн үйлчлүүлсэн нь бидний хувьд чамлалтгүй тоо юм. Энд оюунаараа цангаж, шинэ содон зүйл уншиж мэдэн, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүмүүс цөөнгүй байдаг нь энэ үеэр харагдаж байсан. 3 настай бяцхан дүү нараас эмээ, өвөө хүртэл манайд орж ирэн, ном сэтгүүл, гарын авлага материал сонирхон суудаг байсан. Мөн тэд маань яг болжмор шиг сэргэг өглөө 6 цагаас эхлээд л эхний уншигч орж ирдэг байсан гээч. Бид Шарын голын бүх хүнд хүрч чадахгүй ч гэсэн тодорхой хүмүүст үйлчилж, хүрч чадсандаа сэтгэл хангалуун байгаа.

Аливаа зүйлийн эхлэл тавин хувьтай нь тэнцүү гэдэг шүү дээ. Бидний эхэлсэн үйл ажиллагааг сумын багш, сурагчид хариуцан авч цаашид сургууль дээрээ шилжүүлэн “Болжморуудын клуб” –ээ ажиллуулахаар зорьж байгаа. Түүнчлэн залуус, ахмадууд сумын удирдлагууд хүртэл боломж, бололцоогоороо дэмжин ажиллаж, клубээ цааш нь үргэлжлүүлэн ажиллуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдгээ мэдэгдсэн. “Санаа зөв бол заяа зөв” гэдэг бид ниссэн “Болжморуудын клуб” маань үйл ажиллагаагаа явуулан олон, олон сэргэг, оюунлаг болжмортой болно гэдэгт бид итгэн найдаж байгаа.

Яагаад ч юм төрсөн газар шиг сэтгэлд дотнохон болжээ Шарын гол сум. Галт тэргэнд суугаад явахад алслан харагдах барааг нь хараад өөрийн эрхгүй хоолой зангиран, нулимс дусалж байсныг нуух юун. Номын сангаар байнга орж ирдэг хөөрхөн дүү нар, залуус биднийг дэмжиж тусалдаг багш нар, нутгийн удирдлагуудад хамгаас илүү талархаж, баярласнаа илэрхийлэхгүй өнгөрч болохгүй. Нэг сарын хугацаа хол мэт санагдаж байсан боловч харавсан сум шиг л өнгөрч, хөлгийн жолоо залан гэрийн зүг явлаа.

Шарын гол суманд сэтгэл хорогдон, ээждээ эрхлээд очих хүүхэд шиг буцаад л очмоор санагдаж байсан. Энд миний амьдралын хамгийн нандин дурсамжуудын нэгээхэн хэсэг нь хэлхэгдэн үлдлээ. Өдөрт нь номоо хамт уншин, орой бүр хамт тоглон, оройн тойром хийдэг жижигхэн найз нартаа үнэхээр дасчээ. Тэдний хөөрхөн инээд, сахилагагүй зан, эрхлэнгүй аашинд нь дасаж орхисон бололтой дүү нартаа. Авъяастай, ухаантай хөөрхөн дүү нарыг минь гэгээн ирээдүй, сайн сайхан бүхэн хүлээж байгаа. Та нартаа амжилт хүсье. Хичээлдээ шаргуу, ухаантай 11 ангийн бидний найз охид, хөвгүүд, байнга тусалж дэмжиж ээж минь л байдаг багш нартаа үнэхээр дасчээ. Гадны хүнд ээлтэй газардаа, заавал сайн явдаг юм. Дархан-Ууланд хорогдоод энд үлддэг юм хэмээн тоглон ярьж байсан хүний үг үнэн болж таарсан шүү. Нээрээ л бидэнд өвчин зовлон, аливаа хэцүү зүйл энэ хугацаанд тохиолдоогүй. Төлөвлөж бодсон ажил үйлс маань бүтэмжтэй сайхан болж өнгөрсөн. Галт тэрэг хөдөлсөөр, Дархан Уул сэтгэл даллан дүнхийж, дурсамж хөглүүлэн үлдлээ.

Б.Ууганбаяр /2010.07.22/

“Болжморуудын клуб” –д номын аян эхэллээ

Дархан Уул аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан “Номтой нөхөрлье” аяны хүрээнд “Болжморуудын клуб” –т номныхоо дээж 150 орчим номыг байршуулан, хүүхэд багачуудад ном унших, оюунаа тэлэх боломжийг олгож эхэллээ.

Уг аян 7-р сарын 16- нд эхэлсэн бөгөөд сарын хугацаатайгаар явагдахаар, явуулан номын сангаа ажиллуулсаар байна. Дэлхийн уран зохиолын дээжис, Цүндээлэй, Цондоолой цуврал зэрэг хүүхэд багачуудын унших дуртай номнууд үүнд багтжээ. Болжморууд ниссэн ч гэсэн номын сан нь уншигчдаар дүүрэн, шинэ шинэ олон номнуудыг уншиж, оюунаа тэлэх боломж Шарын гол сумын хүүхэд багачуудад гарч байна . “Болжморуудын клуб” –ыг үргэлжлүүлэн номын хур буулган ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Б.Ууганбаяр /2010.07.27/

Болжморууд үүрээ засч үлдээлээ

Бид Эрүүл зөв хооллолт, Уурхай ба эрүүл мэнд, Мөнгөн усны зохистой хэрэглээ сэдэвт “Болжморын гурван үүр”-ийг сонгон хариуцагчдад нь хаяг, холбогдох гарын авлага материалыг гардуулан өглөө. Уг үүрийг сонгохдоо бид уулзалт, сургалтадаа харгалзан эргэн тойрны хүмүүстээ мэдээлэл түгэээж, нөлөөлж чадах хүнийг сонгон авч ахлуулан үлдээсэн. Үүнд: “Эрүүл хооллолт таны амьдралын үндэс” сэдвээр мэдээлэл түгээхээр уг сумын 2-р сургуулийн багш Б.Энхжаргал, “ Уурхай ба Эрүүл мэнд” сэдвээр Шарын голын нүүрсний уурхайн гүний ус шүүрүүлэх тасгийн ахлагч Д.Сундуйжав, “Мөнгөн усны зохистой хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх” сэдвээр Буянтын хөндийн шарын гол төрийн бус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаа нар ажиллахаар болсон. Бидний сарын үндсэн үйл ажиллагааны хугацаа дууссан ч болжморын гурван үүр маань хүмүүст мэдээ, мэдээлэл түгээн, зөвлөгөө өгч байхаараа давуу талтай юм.
Б.Ууганбаяр /2010.07.22/