Monday, September 13, 2010

Оюутнууд зуны ажлаа үнэлүүлж, 1000 ам.доллар гардлаа

Оюутанд сургалтын тэтгэлэг олгоно гэхээр нэн түрүүнд сурлага гайгүй ч амьдралын боломж тааруу хүүхдүүдэд бэлэн мөнгөний туслалцаа үзүүлэх тухай бодогддог. Тэгвэл “Нутгийн шийдэл” сан хүүхдүүдэд бэлэн мөнгө олгохын оронд нэгэн өвөрмөц ажил зохиож дүгнээд, арван оюутанд тэтгэлэг гардууллаа.

Тэд 5-р сард нийт оюутан сурагчдын дунд төслийн уралдаан зарлаж, таван багийг шалгаруулаад баг тус бүрд 1000 ам.доллар олгон, орон нутаг тийш илгээсэн. Шалгарсан багууд сонгож авсан сумдаа зуны нэг сарын турш ажиллаж, орчны эрүүл ахуйг хангах, байгаль хамгаалах, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, залуусын боловсролыг дэмжих чиглэлээр уг мөнгийг тодорхой ажилд зарцуулаад ирсэн юм. Тэд ажлаа “Нутгийн шийдэл” сангийнхан болон санхүүжилт олгосон “Олон Улсын Андуудын Монголын тэтгэлэг” хөтөлбөрийн хандивлагчдад өнгөрөгч баасан гарагт “Хаан палас”-т тайлагналаа.
Төслийн уралдаан зарлаж хэрэгжүүлсэн “Нутгийн шийдэл” болон Монголд элэгтэй гадаадын хандивлагч иргэд оюутнуудын хийсэн ажилд туйлын сэтгэл хангалуун байсан учир бүгдэд нь 1000 ам.долларын тэтгэлэг гардуулсан юм.

Оюутнуудын хийсэн ажлаас сонирхвол, МУБИС-ийн сэтгүүлзүйн ангийн төгсөх курсын оюутан Б.Ууганбаяр, Н.Рэгдэнгарав нар Дархан-Уул аймгийн Шарын гол суманд нэг сар амьдарчээ. Ингэхдээ Шарын гол сумын дийлэнх иргэний ажлын байр болсон алтны хайгуулчдад хэрхэн өөрсдийгөө химийн хордлогоос сэргийлэх, эрүүл орчинд ажиллаж амьдрах талаар зөвлөгөө өгч, гарын авлага тараажээ. Гүний уурхайн ажилчдад ч бас хэрэгтэй мэдээллийг өгсөн байна. Мөн “Болжморуудын клуб” нэртэй өглөөний клуб ажиллуулан нутгийн иргэд, хүүхэд залууст өглөөний цугларалт хичээл болон байнгын үйл ажиллагаатай номын сангаар үнэ төлбөргүй үйлчлэн, залууст зориулж цаг хугацааг хэрхэн зөв зохистой ашиглах, эзэгтэй нарт хандаж эрүүл зохистой хооллолт гэж юу болох талаар мэргэжлийн хүмүүсийн туслалцаатайгаар цуврал сургалт явуулжээ. Уг клубыг одоо Шарын голын 2-р сургуулийн математикийн багш Б.Энхжаргал хүлээн авч үргэлжлүүлэн ажиллуулж буй.

Харин оюутан Т.Батням, Ч.Нямсүрэн нар Хануйн голыг хамгаалахаар нутгийн иргэдтэй хамтарч ажилласан байна. Тэд голын эрэг дагуух газрыг цэвэрлэж, хогийн сав, анхааруулах самбарууд байрлуулсан аж. Бас хамтрагчдынхаа хамтаар байгаль хамгаалагчийн тангараг өргөж, будгийн саваар хогийн сав хийж, баярын өдрүүдээр наадмын талбайд байрлуулжээ.
Тэгвэл Дорнод аймгийн Чойбалсан суманд оюутан Б.Батмандах, М.Мөнхчимэг нар "Залуус Зах зээл EXPO 2010" үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. “Залуусыг дэмжих бүлэг” төслийн уг арга хэмжээнд оролцогчид нь бүгд хүүхдүүд байсан бөгөөд наадмын үеэр өөрсдийн бүтээсэн загвар, зурсан зураг, урласан бэлэг дурсгалын зүйлсээ олон нийтэд дэлгэжээ. Хамгийн гол нь хүүхдүүдэд өөрсдийгөө нээж, өөртөө итгэх итгэлтэй болоход нь тусалсан аж.

Өгий нуурыг хамгаалах нь монгол хүний үүрэг гэж үзсэн оюутан Э.Батбаатар, Б.Жагдагсүрэн нар таньж мэдэх хүнгүй ч Архангай аймгийг зорьжээ. Тэд мөн л гол усыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, нутгийн иргэдийг оролцуулан байгаль хамгаалах ажлууд зохиосон байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хүүхдүүд болох Г.Идэрбат, Г.Алзахгүй нар "Хогны замаар хийх явган аялал"-д гарчээ. Тэд хогоо ангилж хаяхын ашиг тусыг нутгийн иргэдэд сурталчлаад зогсохгүй дахин боловсруулж болох хог хаягдлаар ялзмаг хийж, хэрхэн бордоо болгох аргыг хүмүүст зааж өгчээ.

Энэ мэт сайн үйлсийн эрэлд гарсан оюутнууд бүгд л орон нутгийн иргэдийг амьдралаа сайжруулах арга замд нэгтгэх, засаг захиргааныханд асуудлыг ойлгуулах, хамтарч ажиллахын төлөө зүтгэсэн байна. Тэд ингэснээрээ өөрсдийнхөө нөөц боломжийг нээгээд зогсохгүй, олон нийтийн ажил зохион байгуулах, хүмүүстэй харьцах туршлага хуримтлуулаад иржээ. Өөр өөр газар ажилласан ч нэгэн зорилгын дор гар, сэтгэл нийлэн ажилласан болохоор хоорондоо ч дотносож сайн найзууд болцгоожээ. Чийгийн улаан хорхойг ашиглан ялзмагт бордоо хийсэн хоёр хүүг “өтнүүд” хэмээн шоглож, өглөөний клуб ажиллуулсан хоёр охиныг “болжморууд” гэж хочлон, “болжмор чинь өтөөр хооллодог шүү дээ” гэлцэн хөгжилдөж харагдсан. Ажил хийвэл ам тосдохын үлгэрийг үзүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулагчид цаашид уламжлал болгох, өргөжүүлэх бодолтой байгаа аж.


/"МОНЦАМЭ мэдээ" сонины 2010 оны 9-р сарын 13-ны дугаарт гарсан/

No comments:

Post a Comment