Showing posts with label Үйл ажиллагаа. Show all posts
Showing posts with label Үйл ажиллагаа. Show all posts

Monday, September 13, 2010

Оюутнууд зуны ажлаа үнэлүүлж, 1000 ам.доллар гардлаа

Оюутанд сургалтын тэтгэлэг олгоно гэхээр нэн түрүүнд сурлага гайгүй ч амьдралын боломж тааруу хүүхдүүдэд бэлэн мөнгөний туслалцаа үзүүлэх тухай бодогддог. Тэгвэл “Нутгийн шийдэл” сан хүүхдүүдэд бэлэн мөнгө олгохын оронд нэгэн өвөрмөц ажил зохиож дүгнээд, арван оюутанд тэтгэлэг гардууллаа.

Тэд 5-р сард нийт оюутан сурагчдын дунд төслийн уралдаан зарлаж, таван багийг шалгаруулаад баг тус бүрд 1000 ам.доллар олгон, орон нутаг тийш илгээсэн. Шалгарсан багууд сонгож авсан сумдаа зуны нэг сарын турш ажиллаж, орчны эрүүл ахуйг хангах, байгаль хамгаалах, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, залуусын боловсролыг дэмжих чиглэлээр уг мөнгийг тодорхой ажилд зарцуулаад ирсэн юм. Тэд ажлаа “Нутгийн шийдэл” сангийнхан болон санхүүжилт олгосон “Олон Улсын Андуудын Монголын тэтгэлэг” хөтөлбөрийн хандивлагчдад өнгөрөгч баасан гарагт “Хаан палас”-т тайлагналаа.
Төслийн уралдаан зарлаж хэрэгжүүлсэн “Нутгийн шийдэл” болон Монголд элэгтэй гадаадын хандивлагч иргэд оюутнуудын хийсэн ажилд туйлын сэтгэл хангалуун байсан учир бүгдэд нь 1000 ам.долларын тэтгэлэг гардуулсан юм.

Оюутнуудын хийсэн ажлаас сонирхвол, МУБИС-ийн сэтгүүлзүйн ангийн төгсөх курсын оюутан Б.Ууганбаяр, Н.Рэгдэнгарав нар Дархан-Уул аймгийн Шарын гол суманд нэг сар амьдарчээ. Ингэхдээ Шарын гол сумын дийлэнх иргэний ажлын байр болсон алтны хайгуулчдад хэрхэн өөрсдийгөө химийн хордлогоос сэргийлэх, эрүүл орчинд ажиллаж амьдрах талаар зөвлөгөө өгч, гарын авлага тараажээ. Гүний уурхайн ажилчдад ч бас хэрэгтэй мэдээллийг өгсөн байна. Мөн “Болжморуудын клуб” нэртэй өглөөний клуб ажиллуулан нутгийн иргэд, хүүхэд залууст өглөөний цугларалт хичээл болон байнгын үйл ажиллагаатай номын сангаар үнэ төлбөргүй үйлчлэн, залууст зориулж цаг хугацааг хэрхэн зөв зохистой ашиглах, эзэгтэй нарт хандаж эрүүл зохистой хооллолт гэж юу болох талаар мэргэжлийн хүмүүсийн туслалцаатайгаар цуврал сургалт явуулжээ. Уг клубыг одоо Шарын голын 2-р сургуулийн математикийн багш Б.Энхжаргал хүлээн авч үргэлжлүүлэн ажиллуулж буй.

Харин оюутан Т.Батням, Ч.Нямсүрэн нар Хануйн голыг хамгаалахаар нутгийн иргэдтэй хамтарч ажилласан байна. Тэд голын эрэг дагуух газрыг цэвэрлэж, хогийн сав, анхааруулах самбарууд байрлуулсан аж. Бас хамтрагчдынхаа хамтаар байгаль хамгаалагчийн тангараг өргөж, будгийн саваар хогийн сав хийж, баярын өдрүүдээр наадмын талбайд байрлуулжээ.
Тэгвэл Дорнод аймгийн Чойбалсан суманд оюутан Б.Батмандах, М.Мөнхчимэг нар "Залуус Зах зээл EXPO 2010" үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна. “Залуусыг дэмжих бүлэг” төслийн уг арга хэмжээнд оролцогчид нь бүгд хүүхдүүд байсан бөгөөд наадмын үеэр өөрсдийн бүтээсэн загвар, зурсан зураг, урласан бэлэг дурсгалын зүйлсээ олон нийтэд дэлгэжээ. Хамгийн гол нь хүүхдүүдэд өөрсдийгөө нээж, өөртөө итгэх итгэлтэй болоход нь тусалсан аж.

Өгий нуурыг хамгаалах нь монгол хүний үүрэг гэж үзсэн оюутан Э.Батбаатар, Б.Жагдагсүрэн нар таньж мэдэх хүнгүй ч Архангай аймгийг зорьжээ. Тэд мөн л гол усыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, нутгийн иргэдийг оролцуулан байгаль хамгаалах ажлууд зохиосон байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул хүүхдүүд болох Г.Идэрбат, Г.Алзахгүй нар "Хогны замаар хийх явган аялал"-д гарчээ. Тэд хогоо ангилж хаяхын ашиг тусыг нутгийн иргэдэд сурталчлаад зогсохгүй дахин боловсруулж болох хог хаягдлаар ялзмаг хийж, хэрхэн бордоо болгох аргыг хүмүүст зааж өгчээ.

Энэ мэт сайн үйлсийн эрэлд гарсан оюутнууд бүгд л орон нутгийн иргэдийг амьдралаа сайжруулах арга замд нэгтгэх, засаг захиргааныханд асуудлыг ойлгуулах, хамтарч ажиллахын төлөө зүтгэсэн байна. Тэд ингэснээрээ өөрсдийнхөө нөөц боломжийг нээгээд зогсохгүй, олон нийтийн ажил зохион байгуулах, хүмүүстэй харьцах туршлага хуримтлуулаад иржээ. Өөр өөр газар ажилласан ч нэгэн зорилгын дор гар, сэтгэл нийлэн ажилласан болохоор хоорондоо ч дотносож сайн найзууд болцгоожээ. Чийгийн улаан хорхойг ашиглан ялзмагт бордоо хийсэн хоёр хүүг “өтнүүд” хэмээн шоглож, өглөөний клуб ажиллуулсан хоёр охиныг “болжморууд” гэж хочлон, “болжмор чинь өтөөр хооллодог шүү дээ” гэлцэн хөгжилдөж харагдсан. Ажил хийвэл ам тосдохын үлгэрийг үзүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулагчид цаашид уламжлал болгох, өргөжүүлэх бодолтой байгаа аж.


/"МОНЦАМЭ мэдээ" сонины 2010 оны 9-р сарын 13-ны дугаарт гарсан/

Ц.ОЮУНГЭРЭЛ: МОНГОЛ ЗАЛУУС ЮУ ЧАДДАГАА ХАРУУЛЛАА

Зуны амралтаараа төсөл хэрэгжүүлсэн оюутнуудын тайланг сонсох арга хэмжээний үеэр “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц. Оюунгэрэлтэй товч ярилцлаа.

-“Нутгийн шийдэл” сан өмнө нь оюутнуудад бэлэн мөнгөний тэтгэлэг олгодог байсан. Тэтгэлгийнхээ хэлбэрийг өөрчилснөөр ямар ахиц гарав, үр дүн нь хүлээсэн хэмжээнд хүрч чадаж байна уу? -Урьд нь сангийн нэр дээр ирсэн өргөдлүүдийг харж байгаад, ядуу дорой амьдралтай, сурах хүсэлтэй хүүхдүүдэд бэлэн мөнгө өгчихдөг байсан. Гэвч эргээд харахад энэ нь тийм ч үр дүнтэй ажил биш юм байна лээ. Тэтгэлэг авсан 20 гаруй хүүхдээс нийгэмд хэрэгтэй хүн болсон нь тун цөөн. Тиймээс бид залууст загас өгөх биш загас барих аргыг нь зааж өгөхийг илүүд үзэж энэхүү төслийн уралдааныг зарлаж шалгарууллаа. Уралдаанд янз бүрийн их, дээд сургуулийн оюутнуудын 21 төсөл ирснээс тавыг нь шалгаруулж санхүүжүүллээ. Улмаар хийсэн ажилтай нь танилцаж, дүгнэлээ. Оюутнууд маань санаснаас сайн ажиллажээ. 1000 ам.доллараар төсөөлж байснаас ч олон зүйл хийж, олон хүнийг хамруулсан байна. Бид болоод санхүүжүүлэгчид маань маш сэтгэл хангалуун байна. Монголын залуус юм хийж чаддагыг харууллаа гэж бодож байна.

-Анх санхүүжилтээ гардаж байсан болон одоо ажлаа тайлагнаж байгаа оюутнуудын хооронд ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
-Хүүхдүүд маань зуны саруудад маш их зүйл сурчээ. Олны өмнө ярьж илтгэхээс эхлээд нийгэмд чиглэсэн ажлыг зохион байгуулах, олон нийттэй харилцах, албаны хүмүүст санаа бодлоо ойлгуулах гээд олон чадварыг эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл өөртөө итгэлтэй болж, бие хүн болон төлөвшжээ. Арван оюутан ч гэсэн байгаль орчныг хамгаалах хүсэл эрмэлзэлтэй болж, бусдын төлөө олон нийтийг уриалж хамтарч асуудал шийдэх арга барилд суралцаж байгаа нь улс оронд том хувь нэмэр болно. Нэг ёсондоо бүгдээрээ энэ 1000 ам.долларын тэтгэлгийг нийгэмд хэрэгтэй хувь хүн болж төлөвшсөнийхөө төлөө авч байгаа гэсэн үг.

-Санхүүжилт нь яг ямар шугамаар орж ирсэн бэ? “Нутгийн шийдэл” сангаас гарсан юм уу, эсвэл хандивлагчдаас цугласан мөнгө үү? Цаашид үүнийгээ үргэлжлүүлэх үү? -Гадаадын хэдэн хувь хүн нийлж монгол залууст яаж тусалбал үр дүнтэй байх талаар “Нутгийн шийдэл” санд хандсан юм. Бид өмнө нь өгдөг байсан тэтгэлгээ танилцуулж, өөрчлөх хүсэлтэй байгаагаа хэлснээр санхүүжилт авсан. Тэд үүнийгээ “Олон Улсын Андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөр” гэж нэрлэсэн байгаа. Сая гол санхүүжүүлэгчид маань төслүүдийн тайланг сонсох зуур би асуулаа л даа. Энэ тэтгэлэг цаашаа үргэлжлэх үү, юу гэж бодож байна, монгол хүүхдүүд таны хандив тусламжаар үр дүнтэй зүйл хийж чадсан байна уу гэхэд тэд үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ тэтгэлгийн нийт хэмжээ зэргийг нутагтаа очоод бусадтайгаа ярилцаад шийднэ гэсэн. Ямар ч гэсэн нааштай зүйл хэлсэн болохоор төслийн уралдаан ирэх жил дахин зарлагдах байх..

-Бүгд л сайн ажил болсон байх шиг байна. Гэхдээ Таны хувьд алийг нь онцлох вэ?
-Би хоёр төслийг онцолмоор байна. “Болжморуудуудын клуб”-ын төсөл маань бидний бодож санаж байснаас маш олон ажил амжилттай зохион байгуулсан байна. Мөн “Залуусын экспо” төсөл хүүхэд залуусын гэртээ хийж бүтээж байсан хөдөлмөрийг гаргаж ирж, олон нийтэд үнэлүүлж чадсан байна. Энэ хоёр төслийн үр дүн анх танилцуулж, мөрөөдөж байснаас илүү гарсан учир сайхан санагдлаа. Гэхдээ нөгөө гурван төсөл ч бас үүрэг зорилтоо хэрэгжүүлсэн. Ер нь залуус маань сайн ажиллалаа. Хотын хоёр оюутан нэг ч хүн танихгүй газар очиж, өөрсдийн ажлаа нутгийн бүх иргэнд биш юм гэхэд тодорхой хүрээнд хүргэж чадаж байна гэдэг бол том амжилт. Мэдээж зөндөө бэрхшээл учирсан байна, тэр бүгдийг туулах зуураа тэд бие хүн болон төлөвшиж Монгол орныхоо үнэт зүйлийг ойлгоод ирж байгаа нь энэ бүхний үр дүн. Хойтон энэ хүүхдүүд илүү сайн төсөл оруулж ирж чадах байх. Дараа жил энэ хүүхдүүдээс давсан төсөл орж ирж байж л санхүүжилт авна, тэгэхээр оюутнууд дунд илүү өрсөлдөөн өрнөх байх, шалгуур ч өндөрсөнө гэсэн үг.

-“Нутгийн шийдэл” сангийнхаа тухай товч танилцуулахгүй юу?
-“Нутгийн шийдэл” гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, гэр бүлийн сан. Анхлан манай гэр бүл, хамаатан садны хүрээнд голлон ажилладаг байсан. Сүүлдээ орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдэх, байгаль орчинг хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлд хувь нэмрээ оруулахаар нийгэм рүү хандсан ажил зохиож байна. Ер нь гэр бүл гэдэг хэдэн үеэрээ эрхэмлэж явах үнэт зүйлтэй байх ёстой. Манай өвөг дээдсийн удам маань хилийн харуул байснаараа бахархдаг. Гэвч бид нийслэл хотод амьдарч байгаа учир тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх боломжгүй. Иймд гэр бүлийн маань үнэт зүйл юу байж болохыг ярьж байгаад уг санг байгуулсан юм. Бид нэг их мөнгө гаргах гэхээсээ нийгэмд хүч хөдөлмөрөө зориулахад анхаардаг. Өнөөдрийн оюутнуудын төсөл шиг үйл ажиллагаанд санхүүгийн тусламж үзүүлэх хандивлагч нарыг эрж олдог. Сангийнхаа хүрээнд ажил амьдралын гараанд хөл тавьж буй хүүхэд залууст зориулж “Ажил мэргэжлийн лавлах толь”, “Орчны эрүүл ахуй” иргэний нөхөрлөлийн гарын авлага, мөн “Нүүдэлчний яриа” бичил толь бичиг гаргаад байгаа. Эдгээр гарын авлагыг оюутнууд маань ч төсөл хэрэгжүүлэхдээ сайн ашигласан байна лээ.
Э.Адъяасүрэн

/"МОНЦАМЭ мэдээ" сонины 2010 оны 9-р сарын 13-ны дугаарт гарсан/

Monday, July 5, 2010

Болжморууд жиргэсээр, цаг хугацаа ниссээр . . .

Клубын маань эрхэм зөвлөх, тус сумын уугуул иргэн, ажил хөдөлмөр нь ид оргилж буй МОНЦАМЭ агентлагийн улс төрийн тоймч Э.Адъяасүрэн эгч маань залууст зориулан харвасан сум мэт өнгөрөх цаг хугацааг хэрхэн алгандаа барьж болох тухай “Цагийн менежмент-Амжилтын үндэс” сэдэвт сургалт явуулан олон залуусын урам зоригийг бадраалаа.


Янз бүрийн насны 30 гаруй хүн уг лекцэнд хүрэлцэн ирж санал бодлоо солилцон нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй цаг хугацаа гэдэг хичнээн чухал төдийгүй талхны мөнгө адил тооцоолох ёстой зүйл болохыг мэдэрсэн юм. “Бид өглөө бүр сэрэхдээ халаасандаа 86400 төгрөг буюу тийм хэмжээний секундээр тооцогдох цагтай сэрдгээ өмнө нь огт мэдэхгүй байсан. Түүнчлэн өдөр тутам хийх ажлаа өөрийн мэргэжлийн онцлогтоо тохируулан төлөвлөөгүйгээс ямар их мөнгө алдаснаа бидний хэн ч одоо ухаарахгүй. Гагцхүү өвгөд хөгшид болсон хойноо л “Ай залуу байхад хийж бүтээж байх минь яав даа” хэмээн амаа барих тэр л алдааг нүдэнд харагдаж сэтгэлт бичигдтэл буулгаж чадлаа” хэмээн сургалтанд оролцсон Б.Оюун-Эрдэнэ ярьж байв.


Цаг хугацаа гэдгийг захирч болдог юм байна. Энэ нь чухамдаа өөрийн хувийн зохион байгуулалт, үр дүнгээ тооцох, нягтлах, төлөвлөхөөс л хамаардаг аж. Хүн бүрт адил цаг хугацаа, тэгш боломж байхад яагаад зарим нь амжилт, алдар нэр, эд баялагт хүрээд, зарим нь өдөр хоногийг нэгэн хэвээр өнгөрөөх буюу улам бүр уруудаж доройтож байна вэ? Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаад үзээрэй.


"Төлөвлөсөн ажлаа хойш тавьж цагийг нь тулгаж өөрийгөө бухимдалд оруулан цаг хугацааны боол нь болж амьдрах уу? эсвэл амжилт бүтээмжид тэмүүлж цагийг захирч ажиллах уу? гэсэн асуулт бидний өмнө тулгарч байна. Мэдээж л эрч хүч дүүрэн энэ насандаа хийхгүй юм бол хэзээ, хэн хийх билээ. Бид цаг хугацааг өөрийн эрхэнд байлгахыг хүснэ. Харин үүний тулд юу хийх хэрэгтэйгээ сая мэдлээ" гэх хүн олон байв.


Уулзалтын өмнө нийт оролцогчдын дунд сонжоо явуулахад олонхи нь цагаа төлөвлөдөггүй буюу хөдөлмөрийн бүтээмж нь буурч байгааг мэдэж сэтгэл гундуухан байсан ч сургалтын төгсгөлд өнөөдрөөс эхлэн төлөвлөх хэрэгтэй төдийгүй асар их боломж сүүдэр мэт дагаж байгааг тэд олзуурхаж байсан. Хамгийн энгийн зүйлсээс цагийн менежмент эхлэдэг гэдгийг мэддэггүй байсан нь эргээд бодоход инээд хүрмээр. Энэ удаагийн сургалтад миний ч мэдэхгүй, анхааралгүй орхигдуулдаг зүйл өчнөөн байдаг болохыг нээж өгсөн юм. “За яахав ингэж байгаад л болно биз” гэж бидний олонтаа хэлдэг энэ хэдэн үгс үнэндээ амжилтын минь алуурчин ажээ. Хэн ч сонсоод ойлгож, мэдээлэл олж авч чадахуйц энэ хичээлийг эндхийн дунд сургуулийн багш сурагчдад дахин явуулж өгөхийг биднээс хүсч байлаа.


Мөн өөрийн зүгээс ч хэдий цөөн хормын боловч үнэтэй мэдлэг олгох бяцхан сургалтыг маань бэлтгэсэн багшийн тайлбартайгаар олон залуус сонсож хүртээл болгоосой хэмээн хүснэ. Сэтгэл сэргээсэн хөгжөөнт тоглоомоор цаг хугацааны хичээлийг өндөрлөсөн нь энд хүрэлцэн ирсэн олонд инээд бэлэглэж өөдрөг сэтгэгдэлтэй үлдээлээ. Тэд манай үүрнээс "нисэн" одохдоо сэтгэлдээ нэгийг эрэлхийлсэн нь дамжиггүй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим залуус ажил албандаа төдийгүй хувийн амьдралдаа идэвхи муутай, өдөр тутмын хэвшмэл үлбэгэр байдалдаа дасал болсон нь сургалтын хугацааг сунжруулан өнөө л цаг барилгүй ирэх тэр хэсэг бүлгээс анзаарагдаж байсныг энд заавал дурьдах ёстой.


Залуу хүн залхуу байж гэмээ нь эх орон минь байтугай энэ сум маань ч хөгжиж чадахгүй гэдгийг дахиад л чихний чийр болгон хэлмээр байна. Гэвч идэвхи санаачлага гарган энд оролцсон эрхэм нөхдөө орхих учиргүй. Асар уудам ертөнц бидний өмнө цэлийж дэлхий нарыг тойрон эргэж байгаа л хойно бид цаг хэмээх биегүй хоосонтой уралдах л ёстой залуус аа. Үүний тулд цагийн зөв менежмент хөтлөх цулбуур нь болно.

Н.Рэгдэнгарав

2010/07/05

Wednesday, June 30, 2010

Уурхайчин залуус болжморуудын хамт

Болжморууд бид “Уул уурхай ба эрүүл мэнд” сургалтаа Шарын гол уурхайн ус шүүрүүлэх хэсгийн ажилчдад явууллаа. Ээлжит ажилдаа гарахаар цугласан залуус төдийгүй тус хэсгийн дарга Н.Сундуйжав сургалтыг цаг гарган их л анхааралтай сонсож байв. Энэ өдрийн ээлжийн 14 хүн тус сургалт, уулзалт ярилцлаганд хамрагдан бидний яриаг таслалгүй анхааралтай сонсож байгаад нь баяртай байснаа нуух юун. Тэнгэр бүүдгэр гадаа сэрүүхэн байсан хэдий ч олон хүмүүс санал бодлоо солилцон, халуун дулаан яриа энд өрнүүлж чадсан юм.

Уурхайн тус хэсгийг клубынхээ нэгэн үүр айл болгож мэргэжил нэгт нөхөддөө болон бусдад түгээн тараах гарын авлага, материалуудыг өгөхөд олзуурхан хүлээн авч уурхайн бусад хэсгүүдэд сургалт явуулахыг санал болгож байв. “Бид өдөр тутмын ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажилладаг. Хүүхдүүд маань бидэнд хэрэгтэй мэдээллийг энд хүрэлцэн ирж өгч байгаа нь талархалтай байна.” хэмээн тус хэсгийг ажилтан Х.Гантулга ярьж байлаа.

Сургалтад уул уурхайн ажилчид хүнд хөдөлмөрөөс үүсдэг өвчлөлөөс хэрхэн сэргийлж болох, анхан шатны тусламжийг яаж үзүүлж, түүнээс урьдчилан сэргийлэх төдийгүй хүрээлэн буй орчиноо эрүүл, зөв зүй зохистой байлгах тухай мэдээллийг олголоо. Ажилчдын дийлэнх нь бидний танилцуулсан мэдээллийг мэддэг хэдий ч өөрсдийн ажил амьдралдаа тэр бүр хэвшүүлж чаддаггүй болохоо илэрхийлж байсан юм. Түүнчлэн мэрэгжлийн эмч хүнээс бус эгэл жирийн иргэд өөрсдөө л хичээвэл ном сурах бичгээс болон бусад мэдээллийн хэрэгслээс өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй бүхнээ олж авч чаддаг болохыг тэд сайтар мэдэрч чадлаа.

Бид өнөөдөр ямар хоол идэх вэ? Гэж эмчээс асуудаггүйтэй адил өөрсдийн эрүүл амьдрах учир нөхцөлөө өөрсдөө олж мэдэж гагцхүү түүнийг жинхэнэ утгаар нь амьдрал дээр л хэрэгжүүлж сурах хэрэгтэй байгааг эндээс олж харж болох юм. Залуус бид ч аливаа юм бүхний учгыг хэн нэгнээр заалгаж хэлүүлэхдээ бус гагцхүү өөрийн оюун, хүч хөдөлмөрөөр таниж болох учиг байгааг сануулан өглөө. Ээлжийн ажилтай тэдний хувьд эгэл бүхнийг зохицуулана гэдэг бэрхтэй ч гагцхүү эзэн хичээвэл заяа түших нь дамжиггүй бизээ.Биеийг минь бага, нэрийг минь жижиг гэж гололгүй сургалт ярилцлагыг маань сонсож, өглөөний цаг заваа зарцуулсан тэр бүхэнд бид талархаж байна. Сайн бүхний үр өөдөө соёолдог нь үнэн буй зай.

Н.Рэгдэнгарав

2010/06/29

Tuesday, June 29, 2010

Гар аргаар алт олборлогчдод мэдээлэл өгөв


“Болжморуудын клуб”-ээс, “Буянтын хөндийн Шарын гол” төрийн бус байгууллагатай /ТББ/ хамтран 06-р сарын 29-нд гар аргаар алт олборлогч иргэдэд ажлын нөхцөл байдлаас үүдсэн эрүүл мэндийн асуудлаас өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.


Энэ үеэр мөнгөн усны хэрэглээ, түүнээс үүдэлтэй орчны болон, иргэдийн эрүүл мэндийн асуудал, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл өгөн, гарын авлага тараалаа.
Шарын гол сум 8000 орчим иргэдтэй бөгөөд тэдний 4000-5000 орчим нь гар аргаар алт олборлож амьдралаа залгуулдаг гэсэн албан бус тоо байна. Бидний мэдээлэл өгөх өдөрлөгийг гар аргаар олборлогч иргэд зайлшгүй хэрэгтэй мэдээлэл яалт аргагүй мөн, нийгмийн асуудал сайн шийдэгдээгүй байдаг гэдэгээ энэ үеэр ярьж байлаа. Түүнчлэн химийн хорт бодисын зохистой хэрэглээ, уул уурхай ба эрүүл мэндийн талаар мэдээлэл түгээх үүр айлын үүргийг “Буянтын хөндийн Шарын гол” ТББ-ын тэргүүн Цэцэгмаад хариуцуулан өгсөн байна.

Б.Ууганбаяр /2010.06.28/

Sunday, June 27, 2010

Эзэгтэй нарт сургалт явууллаа


“Болжморуудын клуб” 6-р сарын 22-нд "Эрүүл зохистой хооллолт-Таны амьдралын үндэс" сэдэвт уулзалт, өдөрлөгийг өөрсдийн байрандаа амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт 30 гаруй гэрийн эзэгтэй, охид, бүсгүйчүүд оролцлоо.

Энэ үеэр тэдэнд зөв хооллолтын талаар мэдээлэл авах, хүнсний ногоо ашиглан эрүүл зуушыг хамт хийх, сурах боломжийг олгсоноороо онцлог юм. Өдөрлөгийг төслийн Шарын гол дахь хариуцагч, математикийн багш Б.Энхжаргал удирдан явуулсан байна. Дашрамд дурдахад “Энэ нь “Болжморуудын клуб”-ын анхны сургалт, өдөрлөг байсан бөгөөд олон хүнд цагаа олсон, хэрэгтэй мэдээлэл, санаа сэдлийг өгч чадлаа” хэмэээн Иргэн Урнаа талархлаа илэрхийлж байлаа. Түүнтэй санал нэг, сэтгэл хангалуун байгаа хүн ч цөөнгүй харагдаж байсан юм.

Б.Ууганбаяр /2010.06.22/

Жижигхэн болжморууд жиргэсээр байна

Эрх танхилхан ээж, аавын энхрий үрс болжморуудын клубын байнгын үйлчлүүлэгчид нь болжээ. Өглөө эртлэн босож өдөржин гадаа тоглох тэдэнд гэрийнх нь ойролцоо эгдүүтэй нэртэй эрээн өнгөтэй номоор дүүрэн бяцхан клуб байгуулагдсанд ихээхэн талархаж цаг үргэлж ном, сэтгүүл эргүүлэн уншиж элдэв зүйлийг шулганан ярилцана. Томчуудаас өмнө номын бүртгэлийг маань судлаад өөрсдийн дуртай зурагтай номоо булаацалдан хаяа нэг санал зөрөлдөх нь бий. Клубын санал хүсэлтийн дэвтрийг маань үзээд аль хэдийнэ өөрсдийн саналаа бяцхан гараараа сурсан мэдсэнээрээ илэрхийлэн бичэх нь дэндүү өхөөрдмөөр.

Даллан дуудах өглөөний мэндийг мэдэн бяцхан жаалууд эгчээ, багшаа хэмээн дуудсаар бие биенээсээ урьдан гүйж номоо уншина. Үе үе хөөрөн гүйх хэдий ч номд дуртай багачууд энд цугласан учраас бидний үгийг даган хүндэтгэж байгаа нь олзуурхууштай
“Хүүхдүүд маань ном уншина гээд л гүйгээд байх юм. Энэ ямар учиртай клуб бэ?” хэмэн асууж сураглан орж ирэх хүмүүс олон байна. Багачуудаараа олны танил болжээ болжморууд бид. Санаа зорилгыг минь мэдэж таньсан хүмүүс сайшаалтай хүлээн авч хүссэн номоо авч уншин танил болоод багагүй хугацаа өнгөрчээ. Номын цагаан буян гэдэг ариун юм. Дөнгөж саяхан л танилцаж байсан хирнээ байнга ном солин уншсаар хэзээний танил болсон хүмүүс надад олон байна. Тэд ч бидэнтэй эелдэг даруу, сайхан харилцаж санал сэтгэлээ илэрхийлж байсан юм.

Ахлах ангийн сурагчид маань ч дүү нараасаа бидний сургийг сонсоод төдөлгүй ирж хэрэгтэй номоо шимтэн унших боллоо. Тэд ихэвчлэн “Цагийн менежмент”, “Өглөөний хүн”, “Залуу хүний ширээний ном”, “Ажил мэргэжлийн лавлах” гээд ихэвчлэн танин мэдэхүй, хөгжил төлөвшилд чиглэсэн номыг уншиж байна.

Оройн цагаар байнга ном авч уншигчдын тоо улам бүр өсөж бидний ажил амжилттай үргэлжилж буйгийн илэрхийлэл болсоор. Сумын хоёрдугаар сургуулийн багш нар маань ч клубын ажлыг дэмжин “Болжморуудын клуб”-т математик, монгол хэл, хими зэрэг хичээлүүдээр бүх насны хүүхдүүдэд сургалт явууж байна. Өглөөний мандах нарнаас үдшийн бүрий хүртэл хүүхэд багачууд төдийгүй олны хөл тасрахаа больсон газрын нэг манай клуб болж чаджээ.
“Болжморуудын клуб”
Н.Рэгдэнгарав
2010/06/21

Сэргэг болжморууд сэтгэл дундуур үлдлээ

Сумын захиргаанаас зохион явуулсан “Цэвэр орчин-Эрүүл мэнд” сэдэвт явган аялалд “Болжморуудын клуб”-ын гишүүд идэвхи санаачлага гарган оролцон ах эгч нартайгаа эн тэнцүү өрсөлдсөн хэдий ч шагналын сан төдийгүй хүч хөдөлмөрийн өчүүхэн үнэлэмж хүртсэнгүй. Нэр бүхий томоохон албан байгууллага, хувийн аж ахуй нэгжийг хамруулсан удирдамжийг клубын гишүүд сэтгэл хөдлөн авч “Болжморуудын клуб” хэмээх нэр маань нөлөө бүхий олны дунд бичигдсэнд ихэд баярлан тэр даруй хоёр баг гарган аялалд оролцохоор сонирхолтой тоглоом, дуу, мэндчилгээг бэлдэж эхэллээ. Гагцхүү энд тэдний хэн нь ч ганзага хоосон буцна гэсэн бодол сэтгэлгүй нэгэн итгэл хүчээр хандаж байсан нь олзуурхууштай.

Бүгд цагаан хувцасаар ижилссэн сэргэлэн багачууд “Гол усаа хайрлан хамгаалъя, Цэвэр орчин-Эрүүл мэнд” зэрэг
уриа барьсан харагдана. Мишээл тодорсон царай нь тэдний сэтгэл хангалуун байгааг илтгэнэ. Харин цагаасаа багагүй хоцорч эхэлсэн явган аялалд бидний төсөөлж байсанчлан олон баг ирсэнгүй. Удирдамжинд нэр дурьдагдсан албан байгууллагуудын гуч гаруй хувь нь энд чадан ядан цугласан байв. Соёлын төвийн өмнөх талбайгаас гараагаа эхэлсэн аялал сумын төвөөр урсах голын эргийг даган хог цэвэрлэх ажлаар эхэллээ. Энэ үед зөвхөн түүсэн хогны хэмжээгээр нь дүгнэж байр эзлүүлэх болохыг бидний хэн маань ч төсөөлөөгүй бөгөөд цаашид авхаалж сорьсон уралдаан тэмцээн биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байсан юм.

Хот тохижуулах компаний баг бусдаасаа илүү хурдтай төдийгүй олон шуудай хог түүж байсантай хэн ч маргахын аргагүй. Түүнтэй зэрэгцэн ахмадын хорооны баг ч залуус бидэнд үлгэр дууриалал болохуйц хичээ
нгүйлэн хөдөлмөрлөж байсныг дурьдах ёстой. Харин цагдаагийн байгууллагын эрхэм ах нар болон эрүүл мэндийн төвийн эгч нар маань тийм ч ажилсаг хичээнгүй биш болох нь тод харагдаж байв. “Болжморуудын клуб”-ын багийн гишүүд ч илэвхитэй хог цэвэрлэж байсан ч хүүхэд насны гэнэн томоогүй зангаар хааяа нэг хөөрцөглөн наадах үе байсан юм. Гагцхүү зулай дээрээс төөнөх халуун нар хийгээд замын уртыг ямар ч залуус хөгжөөн наргиангүйгээр туулах аргагүй. Ажилч, хичээнгүй, бусдыгаа уриалан манлайлсан хүүхдүүд болжморын багт цөөнгүй байв. Бие нь жижигхэн ч бяр чадал ихтэй, найз нөхөддөө нэр хүндтэй тэр багачуудаар бид бахархах учиртай.

Хогны замаар хийсэн явган аялал маань Шаазгайтын гүүр хэмээх газарт хүрч өндөрлөн цааш явган аялалын маршрутаар голын эхэн хөвөөн дэх хэсэг мод, бургас, томоохон хад бүхий байгалийн гоёмсог нэгээхэн цогцод хүрлээ. Аль хэдийнэ үд өнгөрч халаах наран хажуу уулын бэлрүү бууж байв.


Энэ аяллын ерөнхий зохион байгуулагч сумын засаг даргын тамгын газрын хамт олон ажлаа дүгнэж хот тохижуулах компаны баг 48, ахмадын хорооны баг 42, цагдаагийн тасгийн баг 36 шуудай хог түүснээр тус тус байр эзэлсэн болохыг зарлаад болжморууд биднийг ахмад настнаасаа суралцахыг санууллаа. Ийнхүү зөвхөн түүсэн шуудайтай хогны тоогоор биднийг дүгнэсэнд урам хугарсан төдийгүй үнэн хэрэгтээ цагдаагийн баг биднээс илүү байгаагүй болохыг олон хүүхдүүд сайн мэдэж байсан юм. Шударга бус энэ үйлдлийг цөөнгүй хүүхдүүд эсэргүүцэж байсан ч бидэнд идэвхи гаргаж амжилттай оролцлоо гэсэн сэтгэл сэргээх урмын үгийг хэн ч хэлээгүй нь даанч харамсалтай. Үнэн шудрагаар дүгнэсэн бол клуб маань гуравдугаар байранд орох нь дамжиггүй л байсан юм даа.


Аяллын удирдагчид багуудын дунд хэд хэдэн хөгжөөнт тоглоом зохион явууллаа. Харамсалтай нь бяцхан болжморууд маань явдалдаа ядарсан уу аль эсвэл байр эзэлж чадаагүйдээ сэтгэл нь гундуухан байсан уу тус тэмцээнүүдэд амжилт төдий л гаргаж чадсангүй. Гэвч сэргэг болжморууд бууж өгөлгүй цаг, хүч гарган бэлдсэн хөгжөөнт тоглоомоо багуудын дунд явуулж энд цугласан олныг инээдээр хөгжөөж чадсан билээ. Явган аялал өндөрлөх шатандаа орж нэгдсэн тугийн дор буцан алхлаа. Гэвч энэ үед анх эхэлсэнтэй адил эрч хүч үгүй болж хүүхэд багачуудын дуу намсан, явдал удааширч цаанаа л нэг сэтгэл дундуур байгаа нь илэрхий байв.


Хэдий байр эзэлж чадаагүй ч бусдаасаа илүү идэвхи, санаачлага гаргаж бэлтгэн оролцсон “Болжморуудын клуб”-ын багийн хамт олныг өдрийн урт, замын хол, нарны хурцад эргэж буцалгүй сэтгэл зүрх нэгтэй оролцсонд өчүүхэн ч атугай урам хайрласан бол хүүхэд багачууд хөөрөн ийм гунигтай салан одох байсан гэж үү. Юутай ч уртаас урт гэрэлт ирээдүй биднийг хүлээж байна залуус минь, сэтгэл зүрхээрээ нэгдэн нэгэн өдрийг хамт өнгөрүүлсэн та нартаа өөрийн зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.

“Болжморуудын клуб”

Н.Рэгдэнгарав

2010/06/19

“Болжморуудын клуб” олны талархал хүлээж байна

Угтах ирээдүйн энх мэндийн түлхүүр атган болжморуудын клуб зуны эхэн сарын арван зургаанд нээлтээ хийлээ. Энд сумын засаг дарга Б.Жаргал, орлогч Ж.Даш, Иргэдийн төлөөлөгдийн хурлын тэргүүлэгч Э.Дамдиндорж зэрэг сум орон нутгийн удирдлагууд төдийгүй янз бүрийн нас, мэргэжлийн хүмүүс цугласан харагдана.

Орон нутагтаа олны танил болсон төдийгүй идэвхи санаачлага гарган тус клубыг үүсгэн байгуулсан хүний нэг бол тус сумын хоёрдугаар дунд сургуулийн математикийн багш Б.Энхжаргал юм. Тэрээр цугласан олонд клубын зорилго чиглэл зэргийг танилцуулан нээж үг хэллээ. Мөн түүнтэй хамтран буюу санаачлан уг клубыг үүсгэн байгуулахад хүч хөдөлмөрөө зориулан оролцсон МОНЦАМЭ агентлагийн тоймч Э.Адъяасүрэнг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хэдийгээр ажлын шаардлагын улмаас нээлтийн үеэр хүрэлцэн ирж амжаагүй ч энэ хүний оруулсан хувь нэмэр, ач тусыг клубын хамт олон дурьдаж барахгүй хэмээн өгүүлж байсан юм.

“Өнөөгийн цаг үед сум орон нутагт маань хүн ардын хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулах “Болжморуудын клуб” байгуулагдсанд баяртай байгаа төдийгүй та бүхний үйл ажиллагааг дэмжин сургалт, уулзалт ярилцлага бүхнийг нэвтрүүлэг болгон орон нутгийнхаа хүмүүст хүргэх болно” хэмээн сумын Засаг дарга хэлж байв. Тэрээр клубын хаалгаар орж ирэхдээ л энэ чинь ёстой над шиг таргалаад байгаа хүмүүст тун чиг хэрэгтэй юм байна хэмээн хошигнон өгүүлж байсан юм.

Харин иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нас залуу цус шингэн болоод ч тэр үү залууст зориулсан сургалтыг ихээхэн дэмжиж буйгаа онцлоод өөрөө төдийгүй сумын бусад залуусын хамт цагийн зөв менежментийн сургалт, ярилцлаганд оролцохоо энд дурьдаж байв. Уригдан ирсэн зочдын олонхи нь эмэгтэйчүүд ч болоод тэр үү эрүүл зохистой хооллолтын мэдээлэл бүхий гарын авлагыг ихэд сонирхон үзэж, уулзалт ярилцлагад нь ирэх тухайгаа хоорондоо ярьцгааж байх аж.

“Орон нутагт маань ирж бидэнд зориулан мэдээлэл түгээж ном сурах бичиг гарын авлагаар хангаж байгаад нь талархаж байна. Сүүлийн жилүүдэд хөдөөгийн хүн амд чиглэсэн ажил дутагдан залуучууд хотыг зориж, үлдсэн нь хар бор ажил хийн соёл боловсрол өөрийн эрхгүй үгүйлэгдэх болсон. “Болжиоруудын клуб” байгуулагдаж буйд тун их баяртай байна. Хойшид орон нутагтаа энэ клубээ үргэлжлүүлэн авч явахыг хичээнэ. Бидэнд ихийг хийх хүч, нөөц бололцоо байна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн Хайрхан багийн иргэн З.Тунгалаг ярьж байлаа.

Тийм ээ. Энд үнэхээр бүх насныханд мэдээлэл дутмаг болох нь тод харагдаж байлаа.. Хэдэн жилийн өмнө уншаад номын санд минь удаан хадгалагдсан тэр л ном минь энд цоо шинэ саяхан хэвлэгдсэн л юм шиг олон олон хүний анхаарал татан гар дамжин уншигдаж байлаа. Нэрнээсээ эхлээд эгдүү хөдөлгөм манай клубын нээлтэнд сумын удирдлагууд төдийгүй бүх насныхан сэтгэл хангалуун оролцож халуун дулаанаар хүлээн авсанд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөж байсан юм.

Энэ бүхнээс “хэрэв бид нийслэл хотдоо уг клубыг байгуулаад нийслэлийн удирдлага биш юмаа гэхэд дүүргийн засаг даргыг урьсан бол хүрэлцэн ирэх байсан болов уу, ийм олон хүмүүс сэтгэл зүрхээ зориулан оролцох байсан гэж үү” гэсэн бодол төрж байсныг нуух юун. Магадгүй өнөөдөр хотын удирдлага, хүн ам мөнгө хөлсний төлөө хэтэрхий туйлшраад, чих хатуу болж, өөрсдийн хөгжил эрүүл мэндээ орхигдуулаад ч байж болох юм. Харин хөдөө нутгийн иргэдийн амьдрал хатуу хэцүү байгаа ч монгол хүний холч ухаан бие биенээ дэмжин хамтын хүчээр ажиллаж амьдрах тэрхүү нийтэч чанар хотын иргэдээс хавьгүй илүү болох нь харагдаж байсан юм.

Нээлт маань ямар болно үйл хэрэг маань тэр зэрэгтэй үргэлжлэх нь дамжиггүй. Бага гэж гололгүй, балжир гэж ихэрхэлгүй клубын нээлтэнд хүрэлцэн ирж цаашид байнга оролцож байхаа илэрхийлсэн тэр бүхэнд баярласан талархснаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг буй зай. Мандах нарны алтан цацрагтай миний монголын мэлмий тэнүүн уужим байна.

“Болжморуудын клуб”
Н.Рэгдэнгарав

2010/06/16