Monday, July 5, 2010

Болжморууд жиргэсээр, цаг хугацаа ниссээр . . .

Клубын маань эрхэм зөвлөх, тус сумын уугуул иргэн, ажил хөдөлмөр нь ид оргилж буй МОНЦАМЭ агентлагийн улс төрийн тоймч Э.Адъяасүрэн эгч маань залууст зориулан харвасан сум мэт өнгөрөх цаг хугацааг хэрхэн алгандаа барьж болох тухай “Цагийн менежмент-Амжилтын үндэс” сэдэвт сургалт явуулан олон залуусын урам зоригийг бадраалаа.


Янз бүрийн насны 30 гаруй хүн уг лекцэнд хүрэлцэн ирж санал бодлоо солилцон нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй цаг хугацаа гэдэг хичнээн чухал төдийгүй талхны мөнгө адил тооцоолох ёстой зүйл болохыг мэдэрсэн юм. “Бид өглөө бүр сэрэхдээ халаасандаа 86400 төгрөг буюу тийм хэмжээний секундээр тооцогдох цагтай сэрдгээ өмнө нь огт мэдэхгүй байсан. Түүнчлэн өдөр тутам хийх ажлаа өөрийн мэргэжлийн онцлогтоо тохируулан төлөвлөөгүйгээс ямар их мөнгө алдаснаа бидний хэн ч одоо ухаарахгүй. Гагцхүү өвгөд хөгшид болсон хойноо л “Ай залуу байхад хийж бүтээж байх минь яав даа” хэмээн амаа барих тэр л алдааг нүдэнд харагдаж сэтгэлт бичигдтэл буулгаж чадлаа” хэмээн сургалтанд оролцсон Б.Оюун-Эрдэнэ ярьж байв.


Цаг хугацаа гэдгийг захирч болдог юм байна. Энэ нь чухамдаа өөрийн хувийн зохион байгуулалт, үр дүнгээ тооцох, нягтлах, төлөвлөхөөс л хамаардаг аж. Хүн бүрт адил цаг хугацаа, тэгш боломж байхад яагаад зарим нь амжилт, алдар нэр, эд баялагт хүрээд, зарим нь өдөр хоногийг нэгэн хэвээр өнгөрөөх буюу улам бүр уруудаж доройтож байна вэ? Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаад үзээрэй.


"Төлөвлөсөн ажлаа хойш тавьж цагийг нь тулгаж өөрийгөө бухимдалд оруулан цаг хугацааны боол нь болж амьдрах уу? эсвэл амжилт бүтээмжид тэмүүлж цагийг захирч ажиллах уу? гэсэн асуулт бидний өмнө тулгарч байна. Мэдээж л эрч хүч дүүрэн энэ насандаа хийхгүй юм бол хэзээ, хэн хийх билээ. Бид цаг хугацааг өөрийн эрхэнд байлгахыг хүснэ. Харин үүний тулд юу хийх хэрэгтэйгээ сая мэдлээ" гэх хүн олон байв.


Уулзалтын өмнө нийт оролцогчдын дунд сонжоо явуулахад олонхи нь цагаа төлөвлөдөггүй буюу хөдөлмөрийн бүтээмж нь буурч байгааг мэдэж сэтгэл гундуухан байсан ч сургалтын төгсгөлд өнөөдрөөс эхлэн төлөвлөх хэрэгтэй төдийгүй асар их боломж сүүдэр мэт дагаж байгааг тэд олзуурхаж байсан. Хамгийн энгийн зүйлсээс цагийн менежмент эхлэдэг гэдгийг мэддэггүй байсан нь эргээд бодоход инээд хүрмээр. Энэ удаагийн сургалтад миний ч мэдэхгүй, анхааралгүй орхигдуулдаг зүйл өчнөөн байдаг болохыг нээж өгсөн юм. “За яахав ингэж байгаад л болно биз” гэж бидний олонтаа хэлдэг энэ хэдэн үгс үнэндээ амжилтын минь алуурчин ажээ. Хэн ч сонсоод ойлгож, мэдээлэл олж авч чадахуйц энэ хичээлийг эндхийн дунд сургуулийн багш сурагчдад дахин явуулж өгөхийг биднээс хүсч байлаа.


Мөн өөрийн зүгээс ч хэдий цөөн хормын боловч үнэтэй мэдлэг олгох бяцхан сургалтыг маань бэлтгэсэн багшийн тайлбартайгаар олон залуус сонсож хүртээл болгоосой хэмээн хүснэ. Сэтгэл сэргээсэн хөгжөөнт тоглоомоор цаг хугацааны хичээлийг өндөрлөсөн нь энд хүрэлцэн ирсэн олонд инээд бэлэглэж өөдрөг сэтгэгдэлтэй үлдээлээ. Тэд манай үүрнээс "нисэн" одохдоо сэтгэлдээ нэгийг эрэлхийлсэн нь дамжиггүй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим залуус ажил албандаа төдийгүй хувийн амьдралдаа идэвхи муутай, өдөр тутмын хэвшмэл үлбэгэр байдалдаа дасал болсон нь сургалтын хугацааг сунжруулан өнөө л цаг барилгүй ирэх тэр хэсэг бүлгээс анзаарагдаж байсныг энд заавал дурьдах ёстой.


Залуу хүн залхуу байж гэмээ нь эх орон минь байтугай энэ сум маань ч хөгжиж чадахгүй гэдгийг дахиад л чихний чийр болгон хэлмээр байна. Гэвч идэвхи санаачлага гарган энд оролцсон эрхэм нөхдөө орхих учиргүй. Асар уудам ертөнц бидний өмнө цэлийж дэлхий нарыг тойрон эргэж байгаа л хойно бид цаг хэмээх биегүй хоосонтой уралдах л ёстой залуус аа. Үүний тулд цагийн зөв менежмент хөтлөх цулбуур нь болно.

Н.Рэгдэнгарав

2010/07/05

No comments:

Post a Comment