Friday, July 16, 2010

Би нисмээргүй байна

Олон хүний инээд хүргэж, өхөөрдүүлэн жиргэж байсан болжморын бяцхан ангаахай өнөө том болж үүр юугаан орхин жигүүрээ дэвэн нисэх гэж байна. Элэгсэг найрсаг олон түмний хүч тусаар төсөөлж төлөвлөсөн бүхэн минь сэтгэлчлэн бүтлээ. Эргээд харахад энэ цаг мөч эгэл бидний амьдралд хэзээ ч давтагдахгүй торгон агшин болохыг бид жиргэн өгүүлж байна.
Бага гэж гололгүй, балчир гэж тохуурхалгүй эгдүүтэй нэртэй эвлэгхэн клубыг минь орон нутагтаа хүлээн авч дэмжин ажиллаж байсан сумын засаг дарга Б.Жаргал болон нутгийн нийт удирдлагууддаа талархан, хүндэтгэж буйгаа илэрхийлье. Урмын үгээр үйлсийг минь мялааж, ухаарлын аясаар сэтгэлийг минь хөглөж клубын маань үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан сумын 2-р сургуулийн багш Б.Энхжаргал, Б.Тунгалаг, Ч.Цэрэндэжид, Ц.Энхжаргал гээд олон багш нартаа баярласан сэтгэлийн үгсээ зүрхний гүнээс уудалж сууна. Алдаатай оноотой энэ амьдарлын нугачаанд алхам тутамд минь үгүйлэгдэх дурсамж энэ байх болно.Өглөө бүр хөөрцөглөн ирж манай клубын байнгын үйлчлүүлэгч болсон бяцхан дүү нараа бид хэзээ ч мартахгүй. Энэ л жаалуудын ачаар инээд хөөр өврөөс минь цалгиж, өөрийн эрхгүй өнгө нэмж байсан шүү. Тэдний гэнэн томоогүй яриа, хоёр эгчдээ хайртай хэмээн алдаатай бичсэн сэтгэлийн үгс, сарийлган зурсан гар зураг нь юутай гайхалтай.

Халуун зүрхнээсээ асгарах хамаг бүхнээ хуваалцан амьдралын хүрдэнд алхан орж буй ахлах ангийн хүүхдүүдээ ч бид мартахгүй. Цөөхөн хором богинохон хугацаанд төрсөн дүү шиг минь дасал болж ээ та нар минь. Эргэн дурсах алтнаас үнэтэй түүх бидэнд бий шүү хадгалж яваарай дүү нар минь. Салан нисэхэд хэцүү байна. Самсай минь шархираад гунигтай байна. Үүлгүй тэнгэрээс бороо орох мэт үнэндээ нэг л уйтай байна. Гэвч
“Болжморуудын клуб”-ээс мэдсэн бүхнээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн, бидний сургалт та нарт минь өчүүхэн ч гэсэн үр өгөөжөө хайрлаж гэмээнэ сэтгэлд нар мандах болно дасал болсон дүү нар минь. Багтаж ядан холхих сургалтын жижиг танхимаа бас тэгээд болоогүй ээ тоо нь цөөхөн ч толгойд өгөх мэдлэг арвинтай тэр л ном сангаа, хүлээхэд урт хирнээ эргэн дурсахад дэндүү богинохон энэхэн цаг хугацааг эгэл бид ямагт дурсах болно.

Буурлын тахилагатай Дархан уулын бэлд сүндэрлэх жаахан атлаа том энэ сумын хүн ардынх нь найрсаг занг, хөдөө талынх нь бишрэл бахдалыг, өлмий дарам бишрэл бахдалыг өнө мөнхөд дуурсах болно болжморууд бид. Ээлтэй энэ л хангайн тэнгэр нь үргэлж цэлмэг байж болжморууд нь үргэлж сэргэг байг. Нууцхан сэтгэл хорогдоод нэг л явмааргүй байна энэ бүхнээс. Гэвч эргэн учрахын ерөөл талбин энэ л клубээ та бүхэндээ үлдээгээд үүрнээсээ бид үдлэн нислээ. Ахан дүүс болсон та бүхэн минь амар амгалан дүүрэн жаргалтай сууж байгаарай. Жигүүрээ дэвсэн шувууд бид жиргэж нэг нисэн ирэх нь лавтай. Дэндүү дасал болсон нутаг минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/16/

No comments:

Post a Comment