Friday, July 16, 2010

Намар ирэв үү, нутгаа санав уу?

Наадмын дараа намар гэж үнэн ажээ. Бодож амжаа ч үгүй байхад сэрүүн салхи сэрчигнэн ялимгүйхэн жиндүүлэх агаад яагаад ч юм бүү мэд сэтгэлд нэг л уйтай бодол хөглөрнө.

Магадгүй дасал болсон энэ нутгаа “Болжморуудын клуб”-ээ тун удахгүй орхиод ниснэ гэхээр ийнхүү гэгэлзүүр сэтгэлийн учигт дарагдаа бизээ. Наадамчин олны хөлд дарагдаад байсан сумын төв ч нэг л эл хуль болчихжээ. Гагцхүү клубын маань жинхэнэ үнэнч гишүүд болох балчир найз нар маань л биднийг тойрон жиргэсэн хэвээр. Хамгийн хачирхалтай нь бидний тухай саяхан сураг сонслоо. Ороод сонирхоод үзье гэсэн хижээл насны цөөнгүй эмэгтэй орж ирэн “Бүх насныханд тун ч хэрэгтэй үйлс бүтээж яваа юм байна. Удахгүй нутаг буцах гэж буй нь даанч харамсалтай юм. Нутгийн ах дүүс энэ клубыг цааш нь аваад явж дөнгөнө байхаа” хэмээн хуучилж байв. Бид нисэн одлоо цэцэгс маань гандахгүйгээр улам улам соёооолон ургана гэхээр сэтгэлд зул бадамлан, баясалтай санагдаж байв.

Нутгийн олны сэтгэлийг түгшээсэн хамгийн гол асуудлын нэг бол залуус төдийгүй бүх насны хүмүүсийн архины зүй бус хэрэглээ, түүнээс үүдэлтэй асуудлууд байна. Харамсалтай нь эдүүгээ тэдгээр хүмүүсийг өөрчлөн засах ямар ч аргагүй хэмээн иргэд үзэж байгаа ажээ. Харин үүнээс үр хойчоо сэргийлэн авч үлдэхийн төлөө тэдний хөгжил боловсролд чиглэсэн энэ мэт клуб, хүүхдийн сайн дурын байгууллага, дугуйлан ихээхэн хэрэгтэй гэж тэд яриж байна. Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг болохоор иргэдийн хүсэл зөв юм. Хүндрэлтэй хэмээх тодотгол бүхий асуудлаас гарч болох арга замаа олж чадаж байгаа нь олзуурхууштай. Одоо харин орон нутгийнхаа нөөц бололцоон дээр тулгуурлаад хэрэгжүүлэх алхамаа эрэлхийлэх цаг болжээ Шарын голын сайхан санаат ахан дүүс минь.

Гадаа шаагилдан тоглох хүүхдийн дуу жаргах нарны туяатай хослон маргааш бидэнд шинэ ирээдүй эхлэл байгаа болохыг сануулна. Өөдрөг үзлийн дөлийг өөрсдөө бид бадрааж чадна. Эрхэм та минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/12

No comments:

Post a Comment