Friday, July 16, 2010

Хур асгарсан наадмын уухай

Аль хэдийнэ энэ нутагт дасал болсон төдийгүй цөөнгүй хүмүүсийн танил болж чадсан “Болжморуудын клуб”-ынхан удаан хугацаанд хүсэн хүлээсэн сумын наадмыг хур бороотой хамт тосон авлаа.

Шандаст хүлгүүд нь уралдаж, хүүхдийн гийн гоон дуу сэтгэл сэргээж монгол хэмээх эгнэшгүй сайхан нэр, удам угсаагаараа бахархан гайхуулах сэтгэлийг минь бадруулж байсныг заавал өгүүлэх учиртай. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа, төрийн далбаагаа хүндэтгэн адис авч мэхийн ёслохыг харахад сүрдмээр. Цэц мэргэнээ сорисон харваачид нь хүртэл өөрийн эрхгүй урам зоргийг бадраан, дэлхийд хаана ч байхгүй эрийн гурван наадмаараа ихэрхэн, эрдэм чадлаа энэ л үед гаргаж, суу билгээ бишрүүлэн дуудуулж байв.

Хурын дусал дэлхийн нүүрийг угааж, цэнгэлийн наадам хүний сэтгэлийг баясгана. Айраг цагаагаа сөгнөсөн асрын өмнө энэ жилийн хүчит бөх, хурдан хүлгүүд цол юугаан дуудуулан байна.

Хотол олноороо наадахын нэр болгож сумын захиргаанаас зохион байгуулалтдаа ихэд анхааран хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдааныг тус тус нэг өдрөөр үргэлжлүүлсэн нь ихээхэн таатай байв. Торгон дээлээр гоёсон наадамчин олноо хүндэтгэн “Морин толгой”-н зүг нийтийн тээвэр гаргаж хөдөлмөрчдөд үнэ төлбөргүй үйлчилж байв.

Энд би хэний морь хурдалж, ямар бөх түрүүлж үзүүрлэсэнг дурдах бус гагцхүү санаа заяа нэгтэй Шарын голын наадам цэнгэл баяраар дүүрэн болж буйг өгүүллээ. Элэг нэгт монгол ахан дүүс минь эв эетэй байж хотол олноороо сайхан наадаарай.
Н.Рэгдэнгарав
2010/07/09

No comments:

Post a Comment