Monday, August 30, 2010

“Болжморуудын клуб” –д номын аян эхэллээ

Дархан Уул аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан “Номтой нөхөрлье” аяны хүрээнд “Болжморуудын клуб” –т номныхоо дээж 150 орчим номыг байршуулан, хүүхэд багачуудад ном унших, оюунаа тэлэх боломжийг олгож эхэллээ.

Уг аян 7-р сарын 16- нд эхэлсэн бөгөөд сарын хугацаатайгаар явагдахаар, явуулан номын сангаа ажиллуулсаар байна. Дэлхийн уран зохиолын дээжис, Цүндээлэй, Цондоолой цуврал зэрэг хүүхэд багачуудын унших дуртай номнууд үүнд багтжээ. Болжморууд ниссэн ч гэсэн номын сан нь уншигчдаар дүүрэн, шинэ шинэ олон номнуудыг уншиж, оюунаа тэлэх боломж Шарын гол сумын хүүхэд багачуудад гарч байна . “Болжморуудын клуб” –ыг үргэлжлүүлэн номын хур буулган ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Б.Ууганбаяр /2010.07.27/

Болжморууд үүрээ засч үлдээлээ

Бид Эрүүл зөв хооллолт, Уурхай ба эрүүл мэнд, Мөнгөн усны зохистой хэрэглээ сэдэвт “Болжморын гурван үүр”-ийг сонгон хариуцагчдад нь хаяг, холбогдох гарын авлага материалыг гардуулан өглөө. Уг үүрийг сонгохдоо бид уулзалт, сургалтадаа харгалзан эргэн тойрны хүмүүстээ мэдээлэл түгэээж, нөлөөлж чадах хүнийг сонгон авч ахлуулан үлдээсэн. Үүнд: “Эрүүл хооллолт таны амьдралын үндэс” сэдвээр мэдээлэл түгээхээр уг сумын 2-р сургуулийн багш Б.Энхжаргал, “ Уурхай ба Эрүүл мэнд” сэдвээр Шарын голын нүүрсний уурхайн гүний ус шүүрүүлэх тасгийн ахлагч Д.Сундуйжав, “Мөнгөн усны зохистой хэрэглээ, түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх” сэдвээр Буянтын хөндийн шарын гол төрийн бус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаа нар ажиллахаар болсон. Бидний сарын үндсэн үйл ажиллагааны хугацаа дууссан ч болжморын гурван үүр маань хүмүүст мэдээ, мэдээлэл түгээн, зөвлөгөө өгч байхаараа давуу талтай юм.
Б.Ууганбаяр /2010.07.22/

Friday, July 16, 2010

"Бууж үдэлсэн болжморууд" нэвтрүүлэг

Би нисмээргүй байна

Олон хүний инээд хүргэж, өхөөрдүүлэн жиргэж байсан болжморын бяцхан ангаахай өнөө том болж үүр юугаан орхин жигүүрээ дэвэн нисэх гэж байна. Элэгсэг найрсаг олон түмний хүч тусаар төсөөлж төлөвлөсөн бүхэн минь сэтгэлчлэн бүтлээ. Эргээд харахад энэ цаг мөч эгэл бидний амьдралд хэзээ ч давтагдахгүй торгон агшин болохыг бид жиргэн өгүүлж байна.
Бага гэж гололгүй, балчир гэж тохуурхалгүй эгдүүтэй нэртэй эвлэгхэн клубыг минь орон нутагтаа хүлээн авч дэмжин ажиллаж байсан сумын засаг дарга Б.Жаргал болон нутгийн нийт удирдлагууддаа талархан, хүндэтгэж буйгаа илэрхийлье. Урмын үгээр үйлсийг минь мялааж, ухаарлын аясаар сэтгэлийг минь хөглөж клубын маань үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан сумын 2-р сургуулийн багш Б.Энхжаргал, Б.Тунгалаг, Ч.Цэрэндэжид, Ц.Энхжаргал гээд олон багш нартаа баярласан сэтгэлийн үгсээ зүрхний гүнээс уудалж сууна. Алдаатай оноотой энэ амьдарлын нугачаанд алхам тутамд минь үгүйлэгдэх дурсамж энэ байх болно.Өглөө бүр хөөрцөглөн ирж манай клубын байнгын үйлчлүүлэгч болсон бяцхан дүү нараа бид хэзээ ч мартахгүй. Энэ л жаалуудын ачаар инээд хөөр өврөөс минь цалгиж, өөрийн эрхгүй өнгө нэмж байсан шүү. Тэдний гэнэн томоогүй яриа, хоёр эгчдээ хайртай хэмээн алдаатай бичсэн сэтгэлийн үгс, сарийлган зурсан гар зураг нь юутай гайхалтай.

Халуун зүрхнээсээ асгарах хамаг бүхнээ хуваалцан амьдралын хүрдэнд алхан орж буй ахлах ангийн хүүхдүүдээ ч бид мартахгүй. Цөөхөн хором богинохон хугацаанд төрсөн дүү шиг минь дасал болж ээ та нар минь. Эргэн дурсах алтнаас үнэтэй түүх бидэнд бий шүү хадгалж яваарай дүү нар минь. Салан нисэхэд хэцүү байна. Самсай минь шархираад гунигтай байна. Үүлгүй тэнгэрээс бороо орох мэт үнэндээ нэг л уйтай байна. Гэвч
“Болжморуудын клуб”-ээс мэдсэн бүхнээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн, бидний сургалт та нарт минь өчүүхэн ч гэсэн үр өгөөжөө хайрлаж гэмээнэ сэтгэлд нар мандах болно дасал болсон дүү нар минь. Багтаж ядан холхих сургалтын жижиг танхимаа бас тэгээд болоогүй ээ тоо нь цөөхөн ч толгойд өгөх мэдлэг арвинтай тэр л ном сангаа, хүлээхэд урт хирнээ эргэн дурсахад дэндүү богинохон энэхэн цаг хугацааг эгэл бид ямагт дурсах болно.

Буурлын тахилагатай Дархан уулын бэлд сүндэрлэх жаахан атлаа том энэ сумын хүн ардынх нь найрсаг занг, хөдөө талынх нь бишрэл бахдалыг, өлмий дарам бишрэл бахдалыг өнө мөнхөд дуурсах болно болжморууд бид. Ээлтэй энэ л хангайн тэнгэр нь үргэлж цэлмэг байж болжморууд нь үргэлж сэргэг байг. Нууцхан сэтгэл хорогдоод нэг л явмааргүй байна энэ бүхнээс. Гэвч эргэн учрахын ерөөл талбин энэ л клубээ та бүхэндээ үлдээгээд үүрнээсээ бид үдлэн нислээ. Ахан дүүс болсон та бүхэн минь амар амгалан дүүрэн жаргалтай сууж байгаарай. Жигүүрээ дэвсэн шувууд бид жиргэж нэг нисэн ирэх нь лавтай. Дэндүү дасал болсон нутаг минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/16/

Намар ирэв үү, нутгаа санав уу?

Наадмын дараа намар гэж үнэн ажээ. Бодож амжаа ч үгүй байхад сэрүүн салхи сэрчигнэн ялимгүйхэн жиндүүлэх агаад яагаад ч юм бүү мэд сэтгэлд нэг л уйтай бодол хөглөрнө.

Магадгүй дасал болсон энэ нутгаа “Болжморуудын клуб”-ээ тун удахгүй орхиод ниснэ гэхээр ийнхүү гэгэлзүүр сэтгэлийн учигт дарагдаа бизээ. Наадамчин олны хөлд дарагдаад байсан сумын төв ч нэг л эл хуль болчихжээ. Гагцхүү клубын маань жинхэнэ үнэнч гишүүд болох балчир найз нар маань л биднийг тойрон жиргэсэн хэвээр. Хамгийн хачирхалтай нь бидний тухай саяхан сураг сонслоо. Ороод сонирхоод үзье гэсэн хижээл насны цөөнгүй эмэгтэй орж ирэн “Бүх насныханд тун ч хэрэгтэй үйлс бүтээж яваа юм байна. Удахгүй нутаг буцах гэж буй нь даанч харамсалтай юм. Нутгийн ах дүүс энэ клубыг цааш нь аваад явж дөнгөнө байхаа” хэмээн хуучилж байв. Бид нисэн одлоо цэцэгс маань гандахгүйгээр улам улам соёооолон ургана гэхээр сэтгэлд зул бадамлан, баясалтай санагдаж байв.

Нутгийн олны сэтгэлийг түгшээсэн хамгийн гол асуудлын нэг бол залуус төдийгүй бүх насны хүмүүсийн архины зүй бус хэрэглээ, түүнээс үүдэлтэй асуудлууд байна. Харамсалтай нь эдүүгээ тэдгээр хүмүүсийг өөрчлөн засах ямар ч аргагүй хэмээн иргэд үзэж байгаа ажээ. Харин үүнээс үр хойчоо сэргийлэн авч үлдэхийн төлөө тэдний хөгжил боловсролд чиглэсэн энэ мэт клуб, хүүхдийн сайн дурын байгууллага, дугуйлан ихээхэн хэрэгтэй гэж тэд яриж байна. Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг болохоор иргэдийн хүсэл зөв юм. Хүндрэлтэй хэмээх тодотгол бүхий асуудлаас гарч болох арга замаа олж чадаж байгаа нь олзуурхууштай. Одоо харин орон нутгийнхаа нөөц бололцоон дээр тулгуурлаад хэрэгжүүлэх алхамаа эрэлхийлэх цаг болжээ Шарын голын сайхан санаат ахан дүүс минь.

Гадаа шаагилдан тоглох хүүхдийн дуу жаргах нарны туяатай хослон маргааш бидэнд шинэ ирээдүй эхлэл байгаа болохыг сануулна. Өөдрөг үзлийн дөлийг өөрсдөө бид бадрааж чадна. Эрхэм та минь ээ.
Н.Рэгдэнгарав
2010/07/12

Хур асгарсан наадмын уухай

Аль хэдийнэ энэ нутагт дасал болсон төдийгүй цөөнгүй хүмүүсийн танил болж чадсан “Болжморуудын клуб”-ынхан удаан хугацаанд хүсэн хүлээсэн сумын наадмыг хур бороотой хамт тосон авлаа.

Шандаст хүлгүүд нь уралдаж, хүүхдийн гийн гоон дуу сэтгэл сэргээж монгол хэмээх эгнэшгүй сайхан нэр, удам угсаагаараа бахархан гайхуулах сэтгэлийг минь бадруулж байсныг заавал өгүүлэх учиртай. Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа, төрийн далбаагаа хүндэтгэн адис авч мэхийн ёслохыг харахад сүрдмээр. Цэц мэргэнээ сорисон харваачид нь хүртэл өөрийн эрхгүй урам зоргийг бадраан, дэлхийд хаана ч байхгүй эрийн гурван наадмаараа ихэрхэн, эрдэм чадлаа энэ л үед гаргаж, суу билгээ бишрүүлэн дуудуулж байв.

Хурын дусал дэлхийн нүүрийг угааж, цэнгэлийн наадам хүний сэтгэлийг баясгана. Айраг цагаагаа сөгнөсөн асрын өмнө энэ жилийн хүчит бөх, хурдан хүлгүүд цол юугаан дуудуулан байна.

Хотол олноороо наадахын нэр болгож сумын захиргаанаас зохион байгуулалтдаа ихэд анхааран хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдааныг тус тус нэг өдрөөр үргэлжлүүлсэн нь ихээхэн таатай байв. Торгон дээлээр гоёсон наадамчин олноо хүндэтгэн “Морин толгой”-н зүг нийтийн тээвэр гаргаж хөдөлмөрчдөд үнэ төлбөргүй үйлчилж байв.

Энд би хэний морь хурдалж, ямар бөх түрүүлж үзүүрлэсэнг дурдах бус гагцхүү санаа заяа нэгтэй Шарын голын наадам цэнгэл баяраар дүүрэн болж буйг өгүүллээ. Элэг нэгт монгол ахан дүүс минь эв эетэй байж хотол олноороо сайхан наадаарай.
Н.Рэгдэнгарав
2010/07/09

Болжморууд Шарын голын залуусын хамт

Сумын захиргаа хийгээд олон нийтийн дунд зохиогдох аливаа бүхнээс бид хоцроно гэж огт үгүй. Энэ л утгаараа өглөөний мандах нартай уралдан босож олны хамт “Залуус бид Шарын голын ирээдүй” сэдэвт өдөрлөгт оролцохоор энэ нутгийн брэнд болсон уурхайн амралтыг зорин нислээ.

Энд Дархан-Уул аймгийн ардчилсан социалист залуучуудын холбоо болон тус сумын нийт 80 гаруй залуус нэгэн дээвэр дор нэгдсэн байв. Тэд зургаан багт хуваагдан гар бөмбөг болон авхаалж, оюун ухаан цэц шаардсан олон тэмцээнээр өрсөлдлөө. Хамгийн гайхамшигтай нь бидний хувиарлагдсан, анхандаа их л шоовдорлогдож байсан баг маань тэргүүн байр эзэлснээ юун түрүүнд дурсмаар байна. Өнөө л билгэшээлтэй, миний дуртай бас аз дагуулдаг хэмээн итгэдэг “Сүйхэлжин” хэмээх нэрийг багтаа хайрлан тэр дор нь дөрвөн мөрт зохоиосныг бодоход гараанаасаа гар нийлсэн нь тэр бизээ.

Цэц сорисон АХА” тэмцээнд "Болжморын жиргээ" нэрээрээ цоллогдсон Н.Рэгдэнгарав тэргүүн байр эзэлж клубын маань нэрийг олны дунд ахин сүртэйхэн дуудуулсан юм.
Юутай ч сумын залуус манай клубыг сайн мэддэг болсон төдийгүй үйл хэргийг минь дэмжиж байлаа. “Энэхүү залуусын уулзалт цаашид жил бүр уламжлал болон зохоигдох болно” хэмээн зохон байгуулагч Д.Амарсанаа ярьж байлаа. Болжморууд бид хаа сайгүй ниссээр . . .

Monday, July 5, 2010

Болжморууд жиргэсээр, цаг хугацаа ниссээр . . .

Клубын маань эрхэм зөвлөх, тус сумын уугуул иргэн, ажил хөдөлмөр нь ид оргилж буй МОНЦАМЭ агентлагийн улс төрийн тоймч Э.Адъяасүрэн эгч маань залууст зориулан харвасан сум мэт өнгөрөх цаг хугацааг хэрхэн алгандаа барьж болох тухай “Цагийн менежмент-Амжилтын үндэс” сэдэвт сургалт явуулан олон залуусын урам зоригийг бадраалаа.


Янз бүрийн насны 30 гаруй хүн уг лекцэнд хүрэлцэн ирж санал бодлоо солилцон нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй цаг хугацаа гэдэг хичнээн чухал төдийгүй талхны мөнгө адил тооцоолох ёстой зүйл болохыг мэдэрсэн юм. “Бид өглөө бүр сэрэхдээ халаасандаа 86400 төгрөг буюу тийм хэмжээний секундээр тооцогдох цагтай сэрдгээ өмнө нь огт мэдэхгүй байсан. Түүнчлэн өдөр тутам хийх ажлаа өөрийн мэргэжлийн онцлогтоо тохируулан төлөвлөөгүйгээс ямар их мөнгө алдаснаа бидний хэн ч одоо ухаарахгүй. Гагцхүү өвгөд хөгшид болсон хойноо л “Ай залуу байхад хийж бүтээж байх минь яав даа” хэмээн амаа барих тэр л алдааг нүдэнд харагдаж сэтгэлт бичигдтэл буулгаж чадлаа” хэмээн сургалтанд оролцсон Б.Оюун-Эрдэнэ ярьж байв.


Цаг хугацаа гэдгийг захирч болдог юм байна. Энэ нь чухамдаа өөрийн хувийн зохион байгуулалт, үр дүнгээ тооцох, нягтлах, төлөвлөхөөс л хамаардаг аж. Хүн бүрт адил цаг хугацаа, тэгш боломж байхад яагаад зарим нь амжилт, алдар нэр, эд баялагт хүрээд, зарим нь өдөр хоногийг нэгэн хэвээр өнгөрөөх буюу улам бүр уруудаж доройтож байна вэ? Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуугаад үзээрэй.


"Төлөвлөсөн ажлаа хойш тавьж цагийг нь тулгаж өөрийгөө бухимдалд оруулан цаг хугацааны боол нь болж амьдрах уу? эсвэл амжилт бүтээмжид тэмүүлж цагийг захирч ажиллах уу? гэсэн асуулт бидний өмнө тулгарч байна. Мэдээж л эрч хүч дүүрэн энэ насандаа хийхгүй юм бол хэзээ, хэн хийх билээ. Бид цаг хугацааг өөрийн эрхэнд байлгахыг хүснэ. Харин үүний тулд юу хийх хэрэгтэйгээ сая мэдлээ" гэх хүн олон байв.


Уулзалтын өмнө нийт оролцогчдын дунд сонжоо явуулахад олонхи нь цагаа төлөвлөдөггүй буюу хөдөлмөрийн бүтээмж нь буурч байгааг мэдэж сэтгэл гундуухан байсан ч сургалтын төгсгөлд өнөөдрөөс эхлэн төлөвлөх хэрэгтэй төдийгүй асар их боломж сүүдэр мэт дагаж байгааг тэд олзуурхаж байсан. Хамгийн энгийн зүйлсээс цагийн менежмент эхлэдэг гэдгийг мэддэггүй байсан нь эргээд бодоход инээд хүрмээр. Энэ удаагийн сургалтад миний ч мэдэхгүй, анхааралгүй орхигдуулдаг зүйл өчнөөн байдаг болохыг нээж өгсөн юм. “За яахав ингэж байгаад л болно биз” гэж бидний олонтаа хэлдэг энэ хэдэн үгс үнэндээ амжилтын минь алуурчин ажээ. Хэн ч сонсоод ойлгож, мэдээлэл олж авч чадахуйц энэ хичээлийг эндхийн дунд сургуулийн багш сурагчдад дахин явуулж өгөхийг биднээс хүсч байлаа.


Мөн өөрийн зүгээс ч хэдий цөөн хормын боловч үнэтэй мэдлэг олгох бяцхан сургалтыг маань бэлтгэсэн багшийн тайлбартайгаар олон залуус сонсож хүртээл болгоосой хэмээн хүснэ. Сэтгэл сэргээсэн хөгжөөнт тоглоомоор цаг хугацааны хичээлийг өндөрлөсөн нь энд хүрэлцэн ирсэн олонд инээд бэлэглэж өөдрөг сэтгэгдэлтэй үлдээлээ. Тэд манай үүрнээс "нисэн" одохдоо сэтгэлдээ нэгийг эрэлхийлсэн нь дамжиггүй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим залуус ажил албандаа төдийгүй хувийн амьдралдаа идэвхи муутай, өдөр тутмын хэвшмэл үлбэгэр байдалдаа дасал болсон нь сургалтын хугацааг сунжруулан өнөө л цаг барилгүй ирэх тэр хэсэг бүлгээс анзаарагдаж байсныг энд заавал дурьдах ёстой.


Залуу хүн залхуу байж гэмээ нь эх орон минь байтугай энэ сум маань ч хөгжиж чадахгүй гэдгийг дахиад л чихний чийр болгон хэлмээр байна. Гэвч идэвхи санаачлага гарган энд оролцсон эрхэм нөхдөө орхих учиргүй. Асар уудам ертөнц бидний өмнө цэлийж дэлхий нарыг тойрон эргэж байгаа л хойно бид цаг хэмээх биегүй хоосонтой уралдах л ёстой залуус аа. Үүний тулд цагийн зөв менежмент хөтлөх цулбуур нь болно.

Н.Рэгдэнгарав

2010/07/05

Мөрөөдлийн галт тэрэг хөдөллөө


Бидний бяцхан нэртэй энгийн даруу клуб маань амжилтанд хүрэх аливаа бүхний эхлэлийг өөрөөсөө эхлэн хайж, өөрийгөө олж нээж танихын ач тусыг илэрхийлсэн таван хоногийн сургалт ядуулснаар сурагчдын хүсэл мөрөөдлийн галт тэргийг хөдөлгөж чадлаа.

Эгэл бүхнийг багшаар заалгаж мэдэхийн өмнө өөрт байгаа нөөц бололцоогоо олж харан, түүнийгээ нээн хөгжүүлэх нь гагцхүү амжилт, аз жаргалын эхлэл болох нь дамжиггүй. Хэдэнтэй манай нэгэн нийтлэгч “Чи юуг сайн хийж чаднам түүнийгээ хийгээд л талхны мөнгөө олчих. Тэвэг сайн тоглодог бол түүгээ тоглоод л чи амьдар” хэмээн хэлсэн байдаг нь юутай үнэн бэ?

Энэ утгаар нь өглөөний алтан хором бүрт клубын эрхэм зочиддоо өөрийн үзэл бодлоо цэгцтэй зөв илэрхийлэн түүнийгээ хамгаалан үлдэж байр суурин дээрээ баттай зогсож байх хэрэгтэй хэмээсэн сэдэл бүхий хошин бодлогоор гараагаа эхэлсэн юм. Түүнчлэн энэ нь тэдний сэтгэн бодох чадварыг нэмэгдүлээд зогсохгүй өөртөө итгэх итгэл урам зоригыг нь бадрааж өгсөн хэрэг боллоо. Үүний зэрэгцээ бид эгэл жирийн олны дундаас төрсөн энгийн атлаа эрхэм суутнуудын мэргэн үг, цэцэн билэгдлийг онцгойлон алдар нэрийг ард түмэн хүртээдэг болохыг эргэн санасан. Атаа чөтөө гэдэг хэзээ ч сайныг дагуулахгүй. Улам улам л балчиг намагруу татдаг болохыг хүүхдүүд маань сайн мэдэж байлаа.

Хүн бүхэн өөрийн гэсэн хүсэл мөөрөдөлтэй байж түүнийгээ тархиндаа бас зүрх сэтгэлдээ яг л цаасан дээр зурж буй мэт “өнгөтөөр” зурах нь зорилгыг батжуулдаг. Би ч бас ингэж зурах дуртай. Учир нь цаасан дээр зурахдаа жаахан эв дүү муутай л даа. Яг энэ л дуртай болоод чаддаг ганцыгаа тэдэндээ сайтар тайлбарлан улмаар оломгүй их мөрөөдлийг нь ачааны вагоноор дүүргэн тавьж өглөө. Тэд өөрсдөө тэрхүү галт тэрэгний золооч нь. Хөдөлгүүр нь зогсохыг мэдэхгүй, шатахуун нь дуусна гэж үгүй тэдний мөрөөдлийн галт тэрэг дуут дохоигоо хангинуулан “Болжморуудын клуб”-ын зогсоолоос хөдөллөө. Хаана хүрч хэрхэн зогсохыг нь хэнч таах аргагүй. Чухамхүү тэрхүү тэргэний золооч та өөрөө л мэднэ. Алсын алс аяны зам тань саадгүй байх болтугай бодлоо нээж сэтгэлээ хуваалцсан гэнэн дүү нар минь.

Н.Рэгдэнгарав

2010/07/02

Wednesday, June 30, 2010

“Болжморуудын клуб”-т нар эрт манддаг...

“Ном надад хаан ширээнээс илүү үнэ цэнэтэй” хэмээн эртний Грекийн нэгэн хаан дуу алдан хэлсэн байдаг. Өглөө бүр 6 цагаас хаалгаа онгойлгож “Болжморуудын клуб”-ын бяцхан номын сан хаалгаа нээнэ.

Анх бид эрүүл хооллолт, залуучууд ба боловсрол, хүүхэд багачууд, англи хэл дээрх ном гэсэн дөрвөн чиглэлээр 40 орчим номтой байсан бол одоо аль хэдийн хүмүүсийн хандив, түр уншуулахаар өгсөн номнуудтайгаа нийлээд хоёр дахин өсөж 80 орчим номтой болоод байна. Өхөөрдөм жаахан хүүхэд багачууд, шижигнэсэн эрч хүчтэй залуучууд, хижээл насны багш, эмч нар ч гэсэн манай номын сангаар бага гэж гололгүй үйлчлүүлж эхлээд байгаа. Өдөрт дунджаар 30 орчим уншигч манай номын санд суудаг, одоогийн байдлаар давхардсан тоогоор танхимаар 400 орчим, гэрээр ном 130 орчим уншигч номын сангаар үйлчлүүлэн албан ёсоор бүртгэгдээд байна.


“Хүүхэд багачууд бол дэлхий ертөнцийн амьд цэцэг юм”

Хүүхэд багачуудын цангисан инээд, баяр хөөр, дуур хуур манайд тасрахгүй үргэлж тэдний сайхан энергээр цэнэглэгдэж байдаг. Хааяа зарим нэг нь “Анай ам цангаад байна?, бие засмаарбайна?, шаар авч тогломоо байна? яах вэ хэмээн нүдээ бүлтийлгэн ороод ирнэ шүү дээ. Хичнээн хөөрхөн гээч, Яг л ээж, аавдаа эрхэлж байгаа юм шиг. Тэд маань ном уншихдаа их сайн. Үлгэрийн номоо өөрсдөө гэрээсээ авч

ирэн цуглуулж, ээлжлэн уншдаг. Үнэхээр сайн хүүхдүүд байгаа биз. Тэднийг зохицуулахаас өөр аргагүй болж байгаа юм даа. Манайх нээлтээрээ өлгөсөн шаарнаасаа өгсөөр байгаад бараг л дууссан даа хөөрхий. Би тэдэндээ их хайртай. Ялангуяа надад хоёр хөөрхөн 4-ээр ангид элсэн орох гэж байгаа бүжиглэх, дуулах авъяастай сэргэлэн Хүслэн, Хүслээ гэж хоёр дүү минь бий. Номын сангынхаа номнуудыг дугаарлан, тэмдэглэж өдөр бүр шалган бүртгэж нилээн номын санчийн ажлыг сайн хийж байгаа шүү. Миний хоёр дүү хөөрхөн номонд хайртай, биендээ ахадсан ухаантай хэрсүү сайн хүүхдүүд. Тэднийг маань сайхан гэрэлт ирээдүй угтаж байгаа нь нүднээс нь харагддаг. Надад Хүслэн, Хүсээ хоёр маань гараар хийсэн бугуйвч, бөгж бэлэглэсэн. Өө. Дотор нь байсан чу

хал зүйлийг мартах гэж байна? Юу байсан гээч?

Ууганбаяр эгчдээ

Хүүхэдбидэнд ухаан өгөхийг хичээдэг

Хөөрхөн өхөөрдөм Ууганбаяр эгч минь

Даруухан зангаараа бусдын хайрыг татсан

Далай мэт уудам сэтгэлт эгч минь

Миний хүслийг биелү

үлж өгсөн та

Магад бурхныг ч хүслийг биелүүлэх хүн

Бурхнаас бидэнд заяасан

Барбинаас үзэсгэлнтэй эгч минь

Номын сан гэдэг бол

Нарны гэрлийг л өөртөө шингээсэн

Нарт ертөнцийн алтан танхим

Намайг өөртөө татсан нэгэн гайхамшиг

Хайрт эгч таныхаа хүслийг бид

Хөх тэнгэрт дүүлэн нисүүлэхсэн

Хорвоо дэлхийн аз жаргал сайн сайхан бүхнийг

Харамгүй сэтгэлтэйгээ хослуулан тандаа бэлэглэх юмсан.

/Ийм гоё шүлэг байсан/

Эдгээр хүүхдүүд маань биднийг явсны дараа клубынхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэн цааш нь авч явахын тулд ах эгч нартаа туслан ажиллах нь тодорхой харагддаг. Та нарыг явахаар яана даа? “Болжморуудын клуб” хаагдахгүй биздээ гэж хүүхдүүд маань санаа зовсон байдалтай их асууна. Үгүй цааш нь Энхээ багш нь, ах эгч нар үргэлжлүүлнэ та нар, дуртай номнуудтай унших боломжтой гэхээр бүгд л бөөн баяр


болон хөөрцөглөнө. Нээрээ жижигхэн найз нар маань надаар үлгэр яриулах их дуртай, анай гараад ир, гараад ир үлгэрээ сонсмоор байна хэмээн шалж гарна шүү дээ. Нэг, нэг гэсээр байгаад 4, 5 үлгэр уншуулж авна. Тойрж суучихаад томоотой гэгч нь сонсох нь үнэхээр хөөрхөн. Манай гол үйлчлүүлэгчдийн нэг хэсэг нь яах аргагүй 5-12 насны дэггүй жаалууд маань эзэлдэг. Ийнхүү манай номын сан өдөр бүр баяр хөөр, эрдэм мэдлэг, ухаан цалгин хүүхэд, залуучуудын маань оюунаа тэлэн чөлөөт цагаараа ирж ном унших, хичээлээ давтах хамгийн дуртай газрын нэг болоод байгаа. Бид ч гэсэн тун баяртай байгаа. Инээд баясал цалгиж, баяр хөөр далласан шинэ өглөө бүр биднийг дуудан урам зоригтойгоор сэрээж, угтах ирээдүйн дурсамжийг маань аз жаргалаар мялаан сүлэлдэж, сэргэг хөөрхөн болжморууд тал, талаас цугларан улам тод, хөгжилтэйгээр жиргэсээр байна. “Болжморуудын клуб”-т өглөөний нар түрүүлж манддаг...

“Болжморуудын клуб” Б.Ууганбаяр /2010.06.29/