Болжморууд бид “Уул уурхай ба эрүүл мэнд” сургалтаа Шарын гол уурхайн ус шүүрүүлэх хэсгийн ажилчдад явууллаа. Ээлжит ажилдаа гарахаар цугласан залуус төдийгүй тус хэсгийн дарга Н.Сундуйжав сургалтыг цаг гарган их л анхааралтай сонсож байв. Энэ өдрийн ээлжийн 14 хүн тус сургалт, уулзалт ярилцлаганд хамрагдан бидний яриаг таслалгүй анхааралтай сонсож байгаад нь баяртай байснаа нуух юун. Тэнгэр бүүдгэр гадаа сэрүүхэн байсан хэдий ч олон хүмүүс санал бодлоо солилцон, халуун дулаан яриа энд өрнүүлж чадсан юм.
Уурхайн тус хэсгийг клубынхээ нэгэн үүр айл болгож мэргэжил нэгт нөхөддөө болон бусдад түгээн тараах гарын авлага, материалуудыг өгөхөд олзуурхан хүлээн авч уурхайн бусад хэсгүүдэд сургалт явуулахыг санал болгож байв. “Бид өдөр тутмын ажилдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажилладаг. Хүүхдүүд маань бидэнд хэрэгтэй мэдээллийг энд хүрэлцэн ирж өгч байгаа нь талархалтай байна.” хэмээн тус хэсгийг ажилтан Х.Гантулга ярьж байлаа.
Сургалтад уул уурхайн ажилчид хүнд хөдөлмөрөөс үүсдэг өвчлөлөөс хэрхэн сэргийлж болох, анхан шатны тусламжийг яаж үзүүлж, түүнээс урьдчилан сэргийлэх төдийгүй хүрээлэн буй орчиноо эрүүл, зөв зүй зохистой байлгах тухай мэдээллийг олголоо. Ажилчдын дийлэнх нь бидний танилцуулсан мэдээллийг мэддэг хэдий ч өөрсдийн ажил амьдралдаа тэр бүр хэвшүүлж чаддаггүй болохоо илэрхийлж байсан юм. Түүнчлэн мэрэгжлийн эмч хүнээс бус эгэл жирийн иргэд өөрсдөө л хичээвэл ном сурах бичгээс болон бусад мэдээллийн хэрэгслээс өөрийн эрүүл мэндэд хэрэгтэй бүхнээ олж авч чаддаг болохыг тэд сайтар мэдэрч чадлаа.
Бид өнөөдөр ямар хоол идэх вэ? Гэж эмчээс асуудаггүйтэй адил өөрсдийн эрүүл амьдрах учир нөхцөлөө өөрсдөө олж мэдэж гагцхүү түүнийг жинхэнэ утгаар нь амьдрал дээр л хэрэгжүүлж сурах хэрэгтэй байгааг эндээс олж харж болох юм.
Н.Рэгдэнгарав
2010/06/29
No comments:
Post a Comment