Sunday, June 27, 2010

Ургах нарыг Ууганаа багштай...

"Эрт босвол нэгийг үзнэ" гэдэг шиг "Болжморуудын клуб"-т өглөөний 6 цагт цугласан хүүхэд залууст клубын сургагч-багш нар ээлжлэн хувь хүний хөгжилтэй холбоотой идэвхжүүлэх ярилцлага, хөгжөөнт дасгалууд зохион байгуулсаар. Уг хичээлд ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд клубынхэн хүүхэд залууст цаг төлөвлөлт, зөв амьдралын хэв маягтай холбоотой санал сэдэл өгөх ном, зөвлөмжүүдээс тоймлон, сонирхолтой оролцооны хэлбэрээр танилцуулж байна.

“Залуу хүн зорилгогүй бол эх орон ирээдүйгүй” гэсэн мэргэн үг бий. 6-р сарын 21-нээс 6-р сарын 25-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаанд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 11-р ангид дэвшин орох гэж буй сурагчид, залууст “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриан дор өглөөний бяцхан зөвлөгөө, ярилцлагыг явууллаа. Үүнд давхардсан тоогоор 50 орчим залуус хамрагдсан. Энэ 7 хоног миний хувьд хамгийн сонирхолтой, чухал өдрүүд болон дурсагдан үлдэх болно. Өөрийнхөө мэдэх өчүүхэн зүйлийг ч гэсэн бусадтай хуваалцан санал солилцон, ярилцах нь надад урам зориг, эрч хүчийг өгч, үргэлж сайхан энергээр цэнэглэгдэж байсан. Залуу хүн өөрийн үзэл бодол санал сэтгэгдлээ бусадтайгаа хуваалцан, хамтран зүтгэвэл бид амжилтанд хүрч, эх орныхоо ирээдүйг гэрэл гэгээрүү хөтлөх болно гэдэгт би итгэдэг.

Залуустаа гэнэт мундаг хүн болох их нууц бүхнийг заан өгч, амьдралыг нь тэр чигээрээ өөрчлөх боломжгүй ч гэсэн өөрсдийнхөө зорилго, ирээдүй, мөрөөдөлдөө тэмүүлэх чин хүсэл, сэдлийг төрүүлж өгч чадсан гэдэг нь тэдний бичсэн санал сэтгэгдэлээс тод харагдаж байсан юм. Ер нь хөдөө орон нутгийн залуучуудад шинэ сэргэг мэдээллийг хүлээн авах хүсэл их, оюунаараа цангаж байдаг ч гэсэн, хэрхэн мэдээллээ авах, өөрийгөө хөгжүүлэх аргаа тэр бүр олж чаддаггүй. Тиймээс тэдэнд сонирхолтой мэдээлэл, өөрсдийгөө нээн хөгжүүлэх боломжийг нь олгож өгвөл эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж чадах оюунлаг, чадварлаг залуус төрөн гарах нь дамжиггүй. Зорилготой амьдрахын утга учир, цагаа үр бүтээлтэй төлөвлөхийн ач холбогдол, өглөөний хүн болж өөрийгөө, амьдралаа захиран зохицуулж, өөрийгөө хөгжүүлэх боломжийн талаар өглөөний бяцхан уулзалтынхаа үеэр бид хоорондоо санал бодлоо солилцон ярилцсан. Залуус маань өдөр бүр хүлээн авч байгаа мэдээллийг хичээнгүйлэн сонсож, өөрсдийнхөө амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэн тэмүүлж байсан. Үүний тод жишээ нь бид өглөө бүр 7 цагт цугларан англи хэлээ хамтран давтаж, уул руу алхан эрүүл агаарт гардаг болсон. Манай залуучуудын хүсэл мөрөөдөл, тэмүүлэл нь тэднийг өглөө эртлэн орноос суга татан босгодог болсон гэхэд хилсдэхгүй. “Болжморуудын клуб” –т маань олон олон сэргэлэн, ухаалаг, хөөрхөн болжморууд далавчаа дэвэн нисч ирсээр байна. Тэд зөвхөн гэрэл гэгээ, сайн сайхан бүхэн рүү тэмүүлж, шинэ өглөө бүрийг хүсэл мөрөөдлөөрөө даллан угтах болсон.

Өглөөний уулзалт, зөвлөгөөнд оролцсон залуусын сэтгэгдлээс...
Тэмүүлэн, эрэгтэй, 17 нас
Миний бие маш их баяртай байна. Юуны өмнө энэхүү арга хэмжээг зохиосон Ууганаа эгч болон боломжийг олгосон багш нартаа туйлын их баярлалаа. Бидэнд өглөө эртлэн босохын тус, цагийн зөв зохиол байгуулалт, зорилго тэмүүлэлтэй байхыг мэдрүүлж өгч, амьдралд минь дахин нэг алхам нэмсэн та бүхэндээ баярлаад ханашгүй нь. Хэдхэн хоногийн, хэдхэн минутанд их зүйлийг мэдэж, ихийг бодогдуулсан нь үнэн. Энэхүү арга хэмжээгээ цааш нь үргэлжүүлж, олон олон залуучуудад мэдлэг дээр нь мэдлэг нэмж байхыг хүсье.

Оюун-Эрдэнэ, эмэгтэй, нас 17
Энэ клуб яван, таны өглөөний бяцхан зөвлөгөөнд суусандаа маш их зүйлийг ухааран ухамсарлаж байна. Өмнөө зорилго тавин амьдран гэдэг ямар их үнэ цэнэтэй болох, өглөө эртлэн босохын ач тус юу болох, урсан өнгөрөх цаг хугацаагаа зөв бүтээмжтэй хувиарласнаар ажил төрөлдөө болон амжилтын оргил өөд мацахад хэрхэн нөлөөлж, өөрийгөө бэлдэх хэрэгтэй зэрэг олон зүйлийг ойлгож авлаа. Та бүхэндээ ялангуяа Ууганаа эгчдээ их баярлалаа.

Батчимэг, эмэгтэй, 17 нас
Миний төрсөн нутаг болох Дархан-Уул аймгийн Шарын гол суманд минь ирж мэдлэгийн хур буулгасан “Болжморуудын клуб”-ыг нээж, 8 наснаас 80 нас хүртэлх хүмүүсийг уриалан дуудаж сонирхолтой лекц, сургалт номын ертөнцөөр аялууллан, их зүйлийг зааж өгсөн. Би урьд нэг их ном уншдаггүй байсан. Харин энэ клуб элссэнээр ном уншиж, оюун ухаан маань тэлж, мөн өглөөний хүн болохыг чинь сэтгэлээсээ эрмэлзэж байгаа. Надад урьд нь өглөө босоход хэцүү байдаг байсан. Одоо бол ном уншиж, лекц сонсноороо өглөө эртлэн,өглөөний хүн болохоор шийдсэн. Энэ нь надад нэг шинэ нээлт гэсэн үг юм. Бидний оюун ухаанд хувь нэмрээ оруулж буй Ууганбаяр, Рэгдэнгарав эгч хоёртоо маш их баярлаж байна. Энэ сайн үйлсээ цааш нь улам дэлгэрүүлэн, үргэлжлүүлэхийг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

“Болжморуудын клуб” Б.Ууганбаяр /2010.06.28/

No comments:

Post a Comment