Wednesday, June 30, 2010

Нинжа нарын нэгэн хормын амьдрал


“Нинжа”- Энэ нэрийг мэдэхгүй хүн үгүй болжээ. Харин хэдий үеэс бидний үгийн санд багтан орж ирж хэн хүнгүй л ийм сайн ойлгодог болсныг санахад бэрхтэй. Өдөр ирэх тутам тэдний тоо өсөн олонд адлагдан ажлын байр болох нүхээ булаацалтан төр засагтай тэмцэх болсон тухай бид эргэн нэг санахад илүүдэхгүй л байх.

Өнөөдөр Шарын гол суманд Буянтын нинжа хэмээх 100 гаруй хүнтэй томоохон гал ид бужигнан ажиллаж байна. Тал дунд овоороч тойрон зогссон олон залуус, янз бүрийн машиныг хараад багахан сумын наадам, эсвэл даншиг ч юм уу гэж андуурахаар харагдаж байлаа. Өмнө нь нинжа гээчийг нүдээрээ хараагүй хүнд их л сонирхол татахуйц. Гэвч энэ бол бүхний хүсээл байх ажил биш гэдгийг бид сайн мэднэ. Хэдийгээр хувиараа хөдөлмөр эрхэлж буй мэт нинжа л бол нинжа гэсэн сэтгэхүй тэдэнд тогтсон болох нь цөөн хэдэн үгнээс нь илт байлаа.

Энд янз бүрийн насныхан байсан хэдий ч зуны амралтаа номын санд эсвэл зусланд биш юмаа гэхэд гэртээ өнгөрүүлж чадахгүй дөрвөөс зургаадугаар ангийн сурагчид цөөнгүй байсан нь сэтгэл эмзэглүүлж байлаа.

Үдийн халуун наранд ангаж цангасандаа ч тэр үү машинаас тор дүүрэн юм буулгах биднийг харсан тэдүүргийн худалдаа ирээ юу хэмээн гүйлдэн ирнэ. Бид клубээ танилцуулаад өөрсдийг бэлдэж ирсэн гарын авлага материалыг тараан тэдэнд үдийн хүнсэндээ хэрэглээрэй хэмээн урьд үдэш шөнөжин бэлдсэн үзэмний шүүсийг тараан өглөө. Шороо хир болсон бие нүүрэн дээгүүр нь хамаг хөлс нь цувж, наранд тас хар болтлоо түлэгдсэн тэдний ажлыг нь зогсоож нэгэн дор цуглуулан сургалт явуулна гэдэг бүтэшгүй асуудал ажээ. Тэдний дунд зүс таних оюутан нөхөд маань ч харагдаж байсан юм. Гагцхүү нүүр буруулан байгаа түүнийг би илт өөрт нь хөндөн олны дунд дуудахыг хүссэнгүй ээ. Сумын төвд харагдахгүй байсан үеийн залуус үнэндээ энд л багшич байсан юм.

Хамгийн олзуурхууштай нь энд ажиллаж буй хүмүүс манай клуб суманд нээгдсэн болохыг мэдэж байсан явдал байв. Бүгчим халуун бидэнд аймшигтай хэцүү байхад 10 гаруй метр гүнд шороо ухан түүнийг дээш нь чангаан ажиллах олон олон хүмүүст бол бүүр ярих ч юм биш нь мэдээжийг хэрэг байв.

Эндэхийн нинжа нарын өөр нэгэн давуу тал нь тэд “Буянт-Шарыг гол” хэмээх төрийн бус байгууллагыг байгуулан удирдагчаар нь олноо уриалан удирдаж чадахуйц хэмээгдсэн тэдний нэг болох Цэцэгмаа гэгчийг томилон ажиллаж байгаа явдал байв. Хуучин ашигласан газраа нөхөн сэргээлт хийсэн төдийгүй хойшид төр засагтай гэрээ байгуулан нинжа гэгчийг ад үзэж хөөх биш нэг л хэлбэрийн ажил болгох зорилготой буйгаа тэрээр илэрхийлж байсан билээ.

“Сарын өмнө биднийг алт ухлаа, газрын хөрсийг эвдлээ хэмээн хөөж ажиллуулахгүй байсны улмаас хүүхдийн баяраар 100 төгрөггүй сууж байлаа. Харин одоо манай ТББ-ийн хүчээр түр зөвшөөрөл авсан. Бидэнд лиценз авах мөнгө гэж байхгүй. Тэртэй тэргүй төрийн томчууд мөнгөөр зодоод авчихдаг юм хойно бид лицензээр ч яахав. Өчнөөн удаам талбайд нөхөн сэргээлт хийгээгүй томоохон үйлдвэрүүд тоолж барамгүй байхад хоногийн хоолоо гэж яваа биднийг нүдэнд орсон өргөс мэт л үзэх юм.” хэмээн энд нинжа хэмээх ажлыг эрхэлдэг хижээл насны иргэн Б ярьж байсан юм.

Үнэндээ тэднийг алтаа ухаад эхлэхээр сумын дэлгүүрийг орлого нэмэгдэж хүүхэд багачууд нь өнгө зүс ордог болохыг цөөнгүй хүмүүс хэлж байсан юм. Энэ ч утгаар нь засаг дарга Б.Жаргал гадны хүн оруулалгүй зөвхөн өөрсдөө баялагаа авч нөхөн сэргээлтийг байнга хийж байх шийдвэр гарган тухайн газрыг зааглан шав татуулсан байв. Гэвч энд газар газрын мэргэжил, алба нэгтэй нөхөд нь цуглан ирснээр дайран дээр давс нэмээд байгаа тухай бид олж мэдсэн юм. Үүний улмаас маргаан тэмцэл өнөө нутгархаг үзэл үйлдэл зэрэгцдэг тухай хүмүүс яриандаа дурьдаж байсан.

Хүссэн хүсээгүй үр хүүхэд гэр бүлээ тэжээн сургалтын төлбөрөө олохоор зүтгэж буй тэдэнд буруу бий гэж үү? Гагцхүү энд төр засгаас нэгдсэн анхаарлаа хандуулан, хүнд хэлбэрийн ажил хэмээн тохирсон шийдвэр, арга зүйг бий болгох явдал үгүйлэгдэж байх шиг. Мөхөс миний нүдэнд үзэгдэн сэтгэлд бууснаар зураглан бичсэн нь энэ. Эгэл та бүхэн энэ талын эгэлгүй олон “нинжа” хэмээх алдартнуудтай хууч хөөрөн бууж мордоод үзээрэй.

Н.Рэгдэнгарав
2010/6/28

No comments:

Post a Comment